Украины дронууд Кремлиэс 15 км зайд оршдог Москва хотын газрын тос боловсруулах үйлдвэрт довтолжээ

Т.Давааням, ikon.mn
40 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Мягмар гарагийн шөнө Украины нисгэгчгүй онгоцнууд ОХУ-ын нийслэл Москва хотын газрын тос боловсруулах томоохон үйлдвэрт довтолжээ.

Кремлиэс зүүн өмнө зүгт 15 км зайд оршдог Газпром компанийн үйлдвэр халдлагад өртсөнийг Москва хотын захирагч Сергей Собянин мэдэгдсэн байна.

Түүний мэдээлснээр нийтдээ 60 орчим нисгэгчгүй онгоц Оросын нийслэлд довтолжээ.

Украины ерөнхийлөгч Володимир Зеленский үйлдвэр шатаж буйг харуулсан дүрс бичлэгийг сошиал хуудсандаа хуваалцаад “Москва муж Украины алсын зайн цохилтын чадавхыг мэдэрлээ” гэж бичсэн байна.

Собянин уг халдлагын улмаас хүний амь нас, эрүүл мэнд хохироогүйг баталжээ.

зураг
 

Гэхдээ Москва хотын бензин, түлшний хэрэгцээний гуравны нэгийг нийлүүлдэг уг үйлдвэрийн үйл ажиллагаа саатсан болон хохирол амссан эсэх тодорхойгүй байна.

Онцгой байдлын албаныхан сүүлд Газпромын үйлдвэрт гарсан галыг унтрааснаа мэдээлжээ. Халдлагын дараа үйлдвэрийн ойр орчмын замын хөдөлгөөнийг хаасан байна.

Сошиал орчинд Москва орчмын шатахуун түгээх станцуудын дэргэд автомашины урт цуваа үүссэнийг харуулсан дүрс бичлэгүүд тараад байна.

Өчигдөр бас Краснодар мужид оршдог Полтавская газрын тосны агуулахад Украины нисгэгчгүй онгоц халдсаны улмаас гал гарсныг орон нутгийн удирдлага мэдээлжээ.

Уг агуулах нь орон нутгийн түгээх станцуудад бензин, түлш нийлүүлдэг юм.

Орон нутгийн удирдлага галыг долоон цагийн дараа унтраасан, хүний амь нас, эрүүл мэнд хохироогүйг сүүлд мэдээлжээ.

ОХУ-ын батлан хамгаалах яам Даваа гарагийн оройгоос Мягмар гарагийн өглөө хүртэл хугацаанд нийт 14 бүс нутаг болон эзлэгдсэн Крымийн хойгт Украины 172 нисгэгчгүй онгоцыг унагаснаа мэдээлсэн юм.

 

Эх сурвалж: AFP