Их Долоогийн чуулганы үеэр Зеленскийтэй уулзсан Трамп дайнаа дуусгахыг Оросын талд уриалав
Мягмар гарагт Франц улсад болж буй Их Долоогийн бүлгийн дээд хэмжээний чуулганы үеэр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Украины ерөнхийлөгч Володимир Зеленский нар уулзжээ.
Трамп энэ уулзалтаа “маш сайхан” болсон гэж дүгнээд Украинтай энхийн гэрээ байгуулж, дайнаа дуусгахыг Оросын талд уриалсан байна.
Тэрбээр Ойрх Дорнодын дайныг дуусгах урьдчилсан тохиролцоонд Ираны эрх баригчидтай хүрснийхээ дараа Их Долоогийн чуулганд ирсэн бөгөөд одоо Украины хямралд илүү их анхаарал хандуулах төлөвтэй байгаагаа ингэж харуулжээ.
Трамп эхлээд Зеленский болон Их Долоогийн бүлгийн орнуудын удирдагчидтай хаалттай хуралдсан юм. Дараа нь тэр Зеленскийтэй ганцаарчлан уулзах төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдсэн байна.
“Хоёр тал асар их хохирол амсаж байгаа нь утгагүй явдал. Тиймээс бид чадах бүхнээ хийх болно. Орос улс дайнаа дуусгах ёстой” гэж тэр хэлжээ.
Уулзалтын дараа Зеленский “Бидний анхаарлын төвд байгаа зүйлс бол Украины агаарын довтолгооноос хамгаалах үйл ажиллагааг бэхжүүлэх, дипломат үйл явцыг урагшлуулах, Орос улсыг дайнаа зогсооход хүргэх явдал юм” гэж сошиал хуудсандаа бичсэн байна.
“Украины хувьд нөхцөл байдал өөрчлөгдөж байна. 2026 оны нөхцөл байдал 2025 оныхоос тэс өөр байна. Украин баатарлагаар фронтын шугамыг тогтоон барьж байна. Оросын туйлдалт илт харагдаж эхэлсэн. Бид дэмжлэгээ хоёр дахин нэмэгдүүлэх цаг болжээ” гэж Европын Зөвлөлийн ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен сошиал хуудсаараа мэдэгджээ.
Их Долоогийн чуулганыг эхлэхээс хэдхэн цагийн өмнө Оросын тал Украины том хотууд руу хэдэн зуун нисгэгчгүй онгоц, хэдэн арван пуужингаар довтолсны улмаас 11 хүний амь үрэгдэж, шашны түүхэн байгууламж шатсан юм.
ОХУ-ын ерөнхийлөгч Путин 80 насных нь төрсөн өдөрт баяр хүргэж Трамптай утсаар ярьсны дараахан уг халдлага болсон байна.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
