Транс тосны хэрэглээг хуулиар хязгаарладаг болохын тулд 100,000 иргэнийг гарын үсэг зурж, дэмжихийг уриалав
Хүн амын эрүүл мэндийг хамгаалах, үйлдвэрлэлийн транс тосны хэрэглээг бууруулах зорилгоор хүний их эмч Ж.Амарсанаа “Транс тосны хяналтын тухай” хуулийн төслийг санаачлан боловсруулах боломжийг нээхийн тулд иргэдийн цахим гарын үсгийг цуглуулж эхэлсэн талаараа мэдээлэв.
Судалгаагаар үйлдвэрлэлийн транс тос нь зүрх судасны өвчин, таргалалт, чихрийн шижин болон бусад халдварт бус өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг болох нь тогтоогджээ. Иймд дэлхийн олон улс орон транс тосны хэрэглээг хууль эрх зүйн зохицуулалтаар хязгаарлаж, хүн амынхаа эрүүл мэндийг хамгаалах бодлого хэрэгжүүлдэг байна.
“Транс тосны хяналтын тухай” хуулийн төсөл нь хүнсний бүтээгдэхүүн дэх транс тосны агууламжид хяналт тавих, шошгололтыг сайжруулах, импорт болон хэрэглээний зохицуулалтыг боловсронгуй болгох, иргэдийг үнэн зөв мэдээллээр хангах эрх зүйн үндсийг бүрдүүлэх зорилготой юм.
Хүний их эмч Ж.Амарсанаа "Ердийн ургамлын тос нь транс тос биш юм. Транс гэдэг нь химийн бүтэцтэй холбоотой үг. Энэ нь хүний биед орохоороо бодисын солилцоонд идэвхтэй оролцож чаддаггүй. Ердийн өөхний тосыг бодвол шатааж, энерги болгоход хугацаа шаардагддаг. Хүний биед хуримтлагддаг. Хуримтлагдаад эхлэхээрээ зүрх судасны болон бусад өвчнүүдийг үүсгэдэг, таргалалтыг нэмэгдүүлдэг тос юм.
Транс тосыг үүсгэхдээ ургамлын тосыг авч байгаад ус төрөгчийн молекултой баяжуулж синтетик аргаар боловсруулдаг. Гэхдээ транс тос нь байгальд огт байдаггүй зүйл биш. Ердийн өөхөн тосонд маш бага хэмжээгээр байдаг. Одоогоор гарын үсэг 7,000-д хүрсэн байна. УИХ-ын босгыг 100,000 хүрч байж давах юм.
Эрүүл мэндийн салбарын ажилтнууд, анагаахын чиглэлээр суралцагч оюутнууд, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл болон нийгмийн сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулах хүсэлтэй иргэдийг сайн дурын ажилтнаар бүртгүүлж, энэхүү арга хэмжээнд нэгдэхийг хүсэж байна.
Энэ бол зөвхөн нэг эмчийн санаачилга биш. Энэ нь Монгол хүний эрүүл мэндийн төлөөх иргэдийн хөдөлгөөн байх ёстой. Бид өвчнийг эмчлэхээс илүүтэйгээр өвчлөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх шаардлагатай. Мөн иргэдийг уг санаачилгад нэгдэн, цахимаар гарын үсэг зурж дэмжихийг уриалж байна" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

