Кабо Вердегийн багийг Испанитай тэнцүүлсэн хаалгач визийн бондын улмаас ээжийгээ авчирч чадаагүйдээ харамсан уйлжээ
Өнгөрсөн шөнө Атлантын далайн бяцхан арал улс Кабо Верде хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцохдоо Испанийн хүчирхэг шигшээ багтай 0:0 харьцаагаар тэнцэж шуугиан тарьсан юм.
Энэ тоглолтын шилдэг тамирчин нь Испанийн долоон бөмбөгийг хаасан 40 настай хаалгач Возиньа байлаа.
Тэрбээр тоглолтын төгсгөлд уйлж байсан нь өөрийн бүтээсэн түүхийг эмээ, өвөө, ээждээ үзүүлж чадаагүйдээ харамссанаас болсон байна.
Энэ оны нэгдүгээр сард АНУ-ын засаг захиргаа дэлхийн хэд хэдэн орныг визийн бондын хөтөлбөрт нэмж хамруулахдаа Кабо Верде улсыг багтаасан юм.
Ингэснээр тус улсын иргэд АНУ-ын виз авахын тулд $15,000 хүртэл бэлэн мөнгө барьцаанд тавьдаг болсон байна. Үүний улмаас Возиньагийн ээж визийн хүсэлт гаргаж чадаагүй гэнэ.
“Би өвөө эмээтэйгээ өссөн, харамсалтай нь тэд энд байгаагүй. Тэд хэдэн жилийн өмнө нас барсан учраас би уйллаа. Тэд миний амьдралын бүх зүйл байсан. Би бас ээжийгээ визийн улмаас энд авчирч чадаагүйдээ харамсан уйллаа. Визийн барьцааны мөнгийг би хугацаанд нь төлж чадаагүй. Би ээжийгээ энд байгаасай гэж хүсэж байсан юм. Гэхдээ би маш их баяртай байна” гэж Возиньа ярьжээ.
Тэрбээр цааш нь “Би энэ мөчийн төлөө бүх амьдралаа зориулсан. Би одоо 40 настай. 2012 онд 25 настайгаасаа мэргэжлийн хөл бөмбөг тоглож эхэлсэн. Намайг өнөөдрийн тоглолтын шилдэг тамирчнаар шалгаруулсан ч энэ бол манай багийн амжилт юм. Тэдэнгүйгээр ийм амжилт гаргах боломжгүй байсан. Би Кабо Верде болон ард түмнийхээ төлөө үргэлжлүүлэн хөдөлмөрлөх болно” гэж хэлсэн юм.
Испанийн шигшээ баг тоглолтын ихэнх цагт бөмбөгийг эзэмшиж байсан нь гайхах зүйл биш байв. Гэхдээ тэд Кабо Вердегийн маш сайн зохион байгуулалттай хамгаалалтыг эвдэж чадаагүй юм.
Ферран Торресын бөмбөг нэг удаа хаалганы шонг оносон нь Европын аварга багийн хожих хамгийн ойрхон боломж байв.
Испанийн бусад бүх цохилтыг Возиньа хаасан юм.
Баруун Африкийн эргээс холгүй галт уулын арван арлаас бүрддэг Кабо Верде улс нь ердөө 4,033 хавтгай дөрвөлжин километр нутагтай, хагас сая гаруй хүн амтай юм. Хэдий тийм ч энэ улс FIFA-гийн чансаагаар дэлхийн 200 орчим улсаас 64 дүгээрт эрэмбэлэгдэж, энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаагаа оролцохоор шалгарсан байна.
Эх сурвалж: The Guardian
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

