Ираны үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Израилийн агаарын цохилтын үеэр алагджээ

Т.Давааням, ikon.mn
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Мягмар гарагт Израилийн эрх баригчид Ираны үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Али Ларижани агаарын цохилтын үеэр алагдсаныг мэдээлсэн юм.

Тэгвэл Ираны тал уг мэдээллийг өчигдөр орой баталжээ.

Ларижанитай хамт түүний хүү болон бие хамгаалагчид мөн амиа алдсаныг Ираны үндэсний аюулгүй байдлын зөвлөл мэдээлсэн байна.

“Иран болон Исламын хувьсгалын хөгжил дэвшлийн төлөө насаараа тэмцсэний эцэст тэрбээр удаан хугацааны хүсэл мөрөөдлөө биелүүлж, бурхны дуудлагыг хүндэтгэлтэйгээр хүлээн авлаа” гэж уг мэдэгдэлд өгүүлжээ.

Ларижани нь Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменийг нас барснаас хойш дайнд амь үрэгдсэн тус улсын хамгийн өндөр албан тушаалтан болж байна.

Үүнээс гадна Басиж цэрэгжсэн хүчний командлагч Голамреза Солейман бусад албан тушаалтнуудын хамт өөр нэг агаарын цохилтын үеэр алагдсаныг Израилийн батлан хамгаалахын сайд Израил Кац мэдээлснийг сүүлд Ираны тал бас баталжээ.

“Ларижани болон Басижийн командлагч нар нэг шөнийн дотор устгагдаж, устгах жагсаалтын тэргүүнд бичигдэж байсан Хамени болон муу ёрын тэнхлэгийн бусад алагдсан гишүүдтэй нэгдэж байна” гэж Кац мэдэгдсэн юм.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп дээрх мэдээг сайшааж, Ларижанийг саяхан Иранд болсон иргэдийн тэмцэл хөдөлгөөнийг цус урсган дарсан гол хүн хэмээн тодорхойлсон байна.

Дээрх хоёр хүний үхэл нь Израиль улс Ираны дээд удирдагчдын Тегеран дахь хөдөлгөөнийг хянаж, Ираны агаарын орон зайд АНУ ноёрхож, хүссэн үедээ цохилт өгч чадаж байгааг харууллаа.

Ларижани хэдхэн өдрийн өмнө Тегераны төв гудамжинд болсон улс төрийн арга хэмжээнд оролцож байгаа нь харагдсан юм.

Тэрбээр АНУ, Израилийн өмнөх Иранд хийсэн агаарын цохилтын дараа буюу өнгөрсөн оны наймдугаар сард үндэсний аюулгүй байдлын тэргүүнээр томилогдож байв.

Даваа гарагт тэр дэлхийн өнцөг булан бүрд байгаа муслимуудад Ираны тэмцлийг дэмжихийг уриалж, Персийн булангийн орнуудын удирдагчдаас яагаад АНУ-ын цэргийн баазуудыг нутаг дэвсгэр дээрээ байрлуулж, Ираны эсрэг довтлохыг зөвшөөрсөөр байгааг тайлбарлахыг шаардаж байлаа.

Турк улсын гадаад хэргийн сайд Хакан Фидан “Израилийн явуулсан улс төрийн аллага, түүний дотор Ираны төрийн зүтгэлтнүүдийн аллага нь дайны үеийн хууль дүрмийг зөрчсөн үйлдэл юм” гэж мэдэгджээ.

Ираны эсрэг АНУ, Израилийн эхлүүлсэн дайн гурав дахь долоо хоногтоо үргэлжилж, 2,000 гаруй хүний аминд хүрсэн ч дуусах шинж харагдахгүй байна.

Ларижани нь 2015 онд Өрнөдтэй цөмийн гэрээ байгуулахад гол үүрэг гүйцэтгэсэн, Ираны хамгийн прагматик удирдагчдын нэг гэгддэг байсан ч сүүлийн үед байр суурь нь эрс чангарсан юм.

Дээд удирдагч Хаменийг алагдсаны дараа тэр Ираны дайснууд хийсэн үйлдэлдээ харамсах цаг ирэхийг анхааруулж байжээ.

Ларижани 1958 онд Иракийн Нажаф хотод төрсөн бөгөөд Тегеранд боловсрол эзэмшиж, Исламын хувьсгалын дараа шат шатны төрийн албан тушаал хашиж эхэлсэн юм.

Тухайлбал тэр соёлын сайд, улсын радио телевизийн дарга, арав гаруй жилийн турш парламентын даргаар ажиллаж байжээ.

Ларижани алагдсанаар дайн эхэлсэн цагаас хойш Израилийн цохилтод амь үрэгдсэн Ираны өндөр албан тушаалтнуудын тоо 10 болж байна.

Тэдгээрийн тав нь цэргийн командлагч нар байсны дотор дээд удирдагч Али Хамени агсны ахлах зөвлөх байсан Али Шамхани багтаж байгаа юм.

 

Эх сурвалж: Associated Press