Өвлийн олимпын уран гулгалтын эрэгтэйчүүдийн ангилал тун сонирхолтой болсон билээ. Орос эцэг, эхтэй америк тамирчин Илья Малининийг гарцаагүй алтан медаль авна гэсэн шинжээчдийн таамаглал эрс зөрж, И.Малинин дөнгөж наймдугаар байранд орсон юм.
Харин түүний оронд Казахстаны Михаил Шайдоров 21 насандаа олимпоос алтан медаль хүртэв. Богино үзүүлбэрт 92.94 оноогоор тавдугаар байр эзэлсэн тэрбээр үндсэн үзүүлбэрт 198.64 оноогоор бусдыгаа тэргүүлсэн байна.
Ингэснээр нийлбэр дүнгээр 291.58 оноогоор түрүүлэх болзлоо хангасан бол Японы Юма Кагияма мөнгө, Шүн Сато хүрэл медаль хүртсэн билээ.
Казахстан 1994 оноос хойш өвлийн наадамд оролцож ирсэн. Тус улсаас өвлийн олимпын анхны алтыг 1994 онд гүйлтийн цанаар Владимир Смирнов авчирч байсан бол 32 жилийн дараа М.Шайдоров уг амжилтыг давтсан юм. Ингэснээр казах эр 250,000 ам.долларын урамшуулал авахаар болжээ.
Казахстан улс 2024 оноос олимпод түрүүлсэн тамирчиндаа 250,000 "ногоон" өгөхөө амласан юм.
Энэ нь Сингапур, Хонконг, Польшийн дараа орох мөнгөн урамшуулал аж. Польшууд энэ удаагийн олимпод аваргалсан тамирчиндаа 355,000 ам.доллар амласан боловч одоогоор хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд буй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!