К-поп урлагийн тэргүүлэгч Blackpink хамтлагийн гишүүн Женни саяхан томоохон үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан нь Өмнөд Солонгосын салбарын мэргэжилтнүүдийг гайхшируулсан алхам болжээ.
Тэрбээр Сөүл хотын Ёнсан дүүрэгт 20 тэрбум воноор ($15 сая орчим) барилга худалдаж авахдаа төлбөрийг бүхэлд нь бэлэн мөнгөөр гүйцэтгэсэн байна.
Женни өнгөрсөн оны тавдугаар сард Ёнсан дүүргийн Донбингго-дон дахь барилгыг худалдаж авсан бөгөөд өмчлөх эрх шилжүүлэх үйл явц арванхоёрдугаар сард дууссаныг Лхагва гарагт хөрөнгө оруулалт, банк санхүүгийн салбарын эх сурвалж мэдээлжээ.
Донбингго-дон хорооллын хойд хэсэгт, элчингүүдийн гудамжинд байрладаг уг барилга 1970 онд баригдсан юм байна. Нийт газрын хэмжээ нь 595 м.кв бол барилгын суурийн талбай 551.08 м.кв хэмжээтэй гэнэ. Суурийн давхраас гадна дээшээгээ хоёр давхар энэ барилгад одоо Иракийн элчин сайдын яам байрладаг ажээ.
Ёнсан дүүрэгт сүүлийн жилүүдэд бүтээн байгуулалт эрчимжсэн нь Донбингго-доны үнэ цэнийг өсгөж, хөрөнгө оруулагчдын анхаарлыг татах болсон гэнэ.
Женни өмнө нь ч бас дуулиантай үл хөдлөх хөрөнгийн наймаагаараа олны анхаарлын төвд орж байжээ. Тухайлбал 2023 онд тэр НҮБ-ын тосгон дахь тансаг ангиллын амины орон сууцыг 5 тэрбум воны бэлэн мөнгөөр худалдан авсан юм.
Өнгөрсөн онд Женни бас өөрийн нэг хүний агентлаг Odd Atelier-ийг байрлуулахын тулд Ханнам донд шинээр баригдсан барилгыг бүхлээр нь түрээсэлж байжээ.
Гарсан мэдээллийн мөрөөр Лхагва гарагт Odd Atelier агентлагаас тодруулахад “Уран бүтээлчийн хувийн амьдралын талаар мэдээллийг баталгаажуулах боломжгүй” гэсэн хариулт өгсөн байна.
Женни одоо хоёрдугаар сарын 27-нд худалдаанд гарах Blackpink хамтлагийн гурав дахь мини цомог “Deadline” дээр ажиллаж байгаа юм. Хамтлагийн эргэн ирэлтийг хүлээж буй шүтэн бишрэгчдийн хувьд дээрх барилгын худалдан авалт нь анхаарал татах бас нэг сэдэв болж байна.
Эх сурвалж: Korea Times
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!