Венесуэлийн сөрөг хүчний тэргүүн Мариа Корина Мачадо өчигдөр Цагаан ордонд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай уулзсан юм.
Энэ үеэр тэр өөрийн Нобелийн энх тайвны шагналын медалийг АНУ-ын ерөнхийлөгчид бэлэглэжээ.
“Би Нобелийн энх тайвны шагналынхаа медалийг АНУ-ын ерөнхийлөгчид бэлэглэлээ” гэж Мачадо уулзалтаас гарч ирснийхээ дараа сэтгүүлчдэд мэдээлсэн байна.
Гэхдээ Трамп түүнийг нь хүлээж авсан эсэхийг асуухад тэр хариулаагүй юм.
Энэ сарын эхээр АНУ-ын тусгай хүчнийхэн Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурог өргөөнөөс нь баривчилсан. Хэдийгээр 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд Мадуро биш, Мачадо ялсан гэж Өрнөдийн орнууд үздэг ч Трампын засаг захиргаа түүнийг Венесуэлийн дараагийн удирдагч болгох шинжгүй байгаа.
Оронд нь Мадурогийн дэд ерөнхийлөгч асан Дэлси Родригест итгэл хүлээлгэх болсон.
Уулзалтаас гарч ирснийхээ дараа Мачадо өөрийг нь дэмжигчдэд “Бид ерөнхийлөгч Трампт найдаж болно” гэж хэлжээ. Гэхдээ хаалттай уулзалтын үеэр юу яригдсан нь тодорхойгүй байна.
Хэдийгээр Мадурогийн дэглэмийн эсрэг олон жил тэмцсэн хүн боловч Мачадогийн нэр нөлөө, улс орноо удирдах чадварт эргэлзэж байгаагаа Трамп өмнө нь хэд хэдэн удаа илэрхийлж байсан.
Өчигдөр Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Кэролин Ливитт хэвлэлийн хурлын үеэр Венесуэлийн ард түмний “зоригт дуу хоолой” гэж Мачадог магтсан ч энэ нь Трампын түүний талаарх үзэл бодол өөрчлөгдсөн гэсэн үг биш болохыг тайлбарлажээ.
Ливитт цааш нь хэлэхдээ Трамп “цаг нь болоход” Венесуэлд шинэ сонгууль явуулахыг дэмжих талаар мэдэгдсэн ч тодорхой хугацаа хэлээгүй юм.
Лхагва гарагт Мадурог баривчлагдсанаас хойш анх удаагаа Трамп ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Дэлси Родригестэй утсаар ярьжээ.
“Бид удаан ярилцсан. Бид маш олон зүйлийн талаар ярилцлаа. Бид Венесуэлийн ирээдүйн талаар санал нийлж байгаа гэж би бодож байна” гэж Трамп энэ талаар ярьсан байна.
Аж үйлдвэрийн инженер мэргэжилтэй, гангийн үйлдвэрийн магнатын охин Мачадо бүр 2004 оноос хойш Венесуэлийн эрх баригч намын гол өрсөлдөгч болж байв.
Бараг 20 жилийн дараа тэр олон сая венесуэлчүүдийг удирдан Мадурогийн дэглэмийн хуурамч сонгуулийн үр дүнг эсэргүүцэн жагсаж байлаа.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!