Трампын засаг захиргаа Гринланд арлыг Дани улсын захиргаанаас гаргаж, АНУ-д нэгтгэхийн тулд тус арлын оршин суугчдад нэг удаа их хэмжээний мөнгө төлөх хувилбарыг хэлэлцэж байгаа талаар албаны эх сурвалжууд мэдээлжээ.
Яг хэр хэмжээний мөнгө төлөх талаар мэдээлэл тодорхойгүй байгаа ч арлын оршин суугч тус бүрд $10,000-$100,000 хооронд мөнгө төлөх санаа дотоод хэлэлцүүлгийн үеэр яригдсаныг нэрээ нууцалсан хоёр ч эх сурвалж мэдээлсэн байна.
Дэлхийн хамгийн том аралд тооцогддог Гринланд нь ердөө 57,000 оршин суугчтай юм.
Тус арлын уугуул иргэдийн олонх нь Дани улсаас тусгаар тогтнох хүсэлтэй байдаг ч үүнд нь эдийн засгийн хамаарал саад болдог. Копенхагены төв засгийн газар жил бүр багагүй хэмжээний төсөв хуваарилдаг нь Гринландын эдийн засагт чухал үүрэгтэй байдаг юм.
Үүнээс гадна Гринландчуудын ихэнх нь бас АНУ-д нэгдэх саналыг дэмжихгүй байгаа.
Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурог баривчилж, төрийн эрхээс зайлуулах дуулиант ажиллагаа нь амжилттай болсны дараа Трампын засаг захиргааныхан Дани улсын харьяанд өөртөө засах эрхтэй оршдог Гринланд арлыг АНУ-д нэгтгэх санаагаа эрчимтэй илэрхийлэх болсон.
Тэр ч байтугай цэрэг, зэвсгийн хүчээр булааж авах хувилбар санааг боломжтой гэсэн байр суурь илэрхийлдэг болоод байгаа.
Гринланд арлын оршин суугчдын санаа бодлыг “худалдаж авах” төлөвлөгөө нь Трампын багийн хэлэлцэж буй олон хувилбар арга замуудын нэг бололтой.
Гринланд болон Данийн эрх баригчид арлыг худалдахгүй, мөн хүчээр булаан авах санааг тэвчихгүй гэдгээ удаа дараа мэдэгдэж байгаа.
Мягмар гарагт тэднийг дэмжиж байгаагаа Франц, Герман, Их Британи, Итали, Польш, Испани гэсэн Европын зургаан улсын удирдагчид хамтарсан мэдэгдлээр илэрхийлсэн.
АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио ирэх долоо хоногт Дани улсын засгийн газрын төлөөлөгчидтэй Вашингтонд уулзах гэж байгаагаа саяхан зарласан билээ.
Энэ үеэр Гринландыг худалдаж авах санаа яригдаж магадгүй байна.
Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Лхагва гарагт Трамп болон түүний үндэсний аюулгүй байдлын зөвлөхүүд арлыг Дани улсаас “худалдаж авах” санааг идэвхтэй хэлэлцэж байгаа талаар мэдээлсэн юм.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!