Тайландын нийслэл Бангкокт болж буй эсэргүүцлийн хөдөлгөөн намжих янзгүй. Ирэх сарын 2-нд болох парламентын сонгууль хүртэл улам бүр идэвхжих хандлага байгаа аж.
Өнгөрсөн ням гаригт Тайландын нийслэлд болсон жагсаалын үеэр хоёр удаа дэлбэрэлт болж 28 хүн шархаджээ.
Тус улсын Түргэн тусламжийн төвөөс мэдээлснээр өнгөрсөн гурав хоногт үймээний улмаас 67 хүн шархдаж, нэг хүн амиа алдсан байна. Хэдийгээр байдал улам бүр хүндэрч, энгийн иргэдийн амь насанд халтай болж буй ч Ерөнхий сайд Ийнглак Чинаватыг огцрох хүртэл тэмцлээ үргэлжлүүлнэ гэдгээ эсэргүүцлийн жагсаалыг удирдаж буй Тайландын сөрөг хүчнийхэн мэдэгдэж байгаа юм.
Үүний зэрэгцээ Тайландын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн даргын мэдзэлснээр хямрал даамжрахаас сэргийлж, Бангкок болон Тайландын өмнөд мужуудад хамгаалалтыг чангатгахаа мэдэгдсэн. Үүний дагуу хэд хэдэн газарт онцгой байдал зарлахаар бэлтгэж буй гэнэ. Онц байдал тогтоосноор цагдаа, цэргийнхэн жагсаал, цуглааныг хүчээр тарааж, улмаар иргэдийн хооронд мөргөлдөөн гарахаас сэргийлэх ёстой аж.
Тайландын Засгийн эрхийн төлөөх бослогын улмаас ард иргэд хоёр талцаж, улмаар тэдний хооронд халдлага, мөргөлдөөн гарах болсон нь онц байдал зарлахаас аргагүйд хүргэж буйг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга онцолсон байна.
Удаан үргэлжилсэн эмх замбараагүй байдлын улмаас тус улсын эдийн засаг өдөр ирэх тусам муудаж, өрийн хэмжээ нь л гэхэд өнгөрсөн оны наймдугаар сараас хойшхи хамгийн өндөр түвшинд хүрээд байгаа.
Хамгийн их ашиг авчирдаг гэх аялал жуулчлалын салбар нь сүүлийн хэдэн сард бараг ашиггүй ажиллаж эхэлсэн.
Мөн өнгөрсөн аравдугаар сарын 31-нээс хойшхи хугацаанд “Wells • Fargo” тэргүүтэй хөрөнгө оруулагчид Тайландын Засгийн газрын бонд болон үнэт цааснаас дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгөө эргүүлэн татжээ. Үндэсний мөнгөн тэмдэгтийнх нь ханш ч сайнгүй байгаа.
Тухайлбал, энэ сарын 6-ны байдлаар тайланд батын ханш ам.долларын эсрэг таван хувиар суларч, 33.1 бат нэг ам.доллартай тэнцэж байгаа аж.
Түүнчлэн тус улсын улс төрийн тогтворгүй байдал хөрөнгө оруулалтыг бууруулж, бизнесийн орчинг тогтворгүй болгож буйн улмаас энэ онд эдийн засаг нь дөрвөн хувиар өсөх таамгийг эрх баригчдын зүгээс гаргасан гэнэ. Үүнээс өмнө энэхүү үзүүлэлтийг 4.8 хувьтай гарна хэмээн тооцоолж байжээ.
Хэдийгээр тус улсад нөхцөл байдал тааруухан байгаа ч үйлдвэрлэлийн үзүүлэлтүүд сайн байгаа нь эдийн засгийн өсөлтийг айхавтар бууруулахгүй гэж шинжээчид үзэж буй аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!