Венесуэлийн эргийн ойролцоо зорчиж явсан газрын тос тээвэрлэгч хөлгийг олзлон авснаа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр зарлажээ.
Энэ нь түүний засаг захиргаанаас Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурод үзүүлж буй дарамт шахалтын ээлжит нэг алхам болж байна.
“Бид Венесуэлийн эргээс маш том, хамгийн том тээвэрлэгч хөлгийг олзлон авлаа” гэж Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзахдаа Трамп хэлжээ.
Тэрбээр “өөр олон зүйл өрнөж байгаа” гэж хэлсэн ч дэлгэрэнгүй ярихаас татгалзсан юм.
Нэрээ нууцалсан албаны эх сурвалжийн мэдээлснээр тээвэрлэгч хөлгийг АНУ-ын эргийн хамгаалалтын албаныхан АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний дэмжлэгтэй гүйцэтгэсэн гэнэ.
Сүүлд АНУ-ын ерөнхий прокурор Пэм Бонди нисдэг тэрэгнээс тээвэрлэгч хөлгийн тавцан дээр цэргүүд бууж байгааг харуулсан дүрс бичлэгийг сошиал хуудсандаа нийтэлсэн байна.
Өмнөх өдөр нь АНУ-ын хоёр сөнөөгч нисэх онгоц Венесуэлийн булангийн дээгүүр ниссэн нь Мадурогийн дэглэмд дарамт шахалт үзүүлж эхэлснээс хойш тус улсын агаарын орон зайд хамгийн их ойртсон тохиолдол болжээ.
Трампын засаг захиргаа энэ оны есдүгээр сараас Карибын тэнгист хар тамхи тээвэрлэгчдийн эсрэг байлдааны ажиллагаа явуулж эхэлсэн билээ. Сүүлд энэ ажиллагаагаа Номхон далайд өргөжүүлсэн.
Трамп өмнө нь Венесуэлийн нутаг дэвсгэрт хуурай замын байлдааны ажиллагаа явуулах талаар мэдэгдэж байсан ч одоогоор ийм зүйл болох гэж байгаа ямар нэг шинж тэмдэг ажиглагдаагүй байна.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!