Уншиж байна ...

Казахстан улс Хар тэнгисийн газрын тосны терминал руу довтлохоо зогсоохыг Украинаас шаардав

Т.Давааням, ikon.mn
2025 оны 12 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Далайд гарцгүй Казахстан улс газрын тосоо Хар тэнгисийн эрэг дэх ОХУ-ын Новороссийск боомт хүртэл хоолойгоор дамжуулан гадаад зах зээлд экспортолдог.

Украины арми тэнгисийн дроноор Новороссийск боомтын газрын тосны терминалд довтолсноор Казахстаны экспорт зогсоход хүрсэн байна.

Өчигдөр буюу Ням гарагт Казахстаны гадаад хэргийн яам уг асуудлаар Украины талд эсэргүүцэл илэрхийлжээ.

“Новороссийск боомт дахь олон улсын Каспийн Хоолойн Консорциумын (CPC) чухал дэд бүтцэд дахин нэг удаа санаатай халдсан явдалд эсэргүүцэл илэрхийлж байна. Бид болсон явдлыг Бүгд Найрамдах Казахстан Улс болон Украины хоёр талын харилцаанд хор хөнөөл учруулсан үйлдэл гэж үзэж байгаа бөгөөд Украины тал цаашдаа үүнтэй төстэй үйл явдлаас урьдчилсан сэргийлэх үр дүнтэй арга хэмжээ авна гэдэгт найдаж байна” гэж уг мэдэгдэлд өгүүлсэн байна.

Одоогоор Украины тал ямар нэг мэдэгдэл гаргаагүй байна.

CPC (Caspian Pipeline Consortium) консорциумыг Орос, Казахстан, АНУ-ын хөрөнгө оруулагчид эзэмшдэг бөгөөд терминалаар нь дэлхий нийт газрын тосны тээвэрлэлтийн нэг гаруй хувь дамждаг.

Тэр дундаа Казахстаны нийт газрын тосны экспортын 80 орчим хувь үүгээр дамждаг юм. Өнгөрсөн онд CPC терминалаар Казахстан улс 68.6 сая тонн газрын тос экспортолж байжээ.

CPC консорциумын 1,500 км урт дамжуулах хоолой Казахстаны Тенгиз, Карачаганак, Кашаганы ордуудаас Новороссийск хүртэл үргэлжилдэг.

Бямба гарагт Украины тэнгисийн дронууд CPC-ийн терминалд довтолж, ноцтой хохирол учруулснаар газрын тос ачих ажиллагаа зогссон юм байна.

“Халдлагын улмаас ачих болон бусад үйл ажиллагааг зогсоож, тээвэрлэгч хөлгүүдийг терминалын усан бүсээс татсан” гэж CPC мэдэгджээ.

 

Эх сурвалж: Reuters