Оросын нэг стартап компани тус улсын хувьд анхны гэж болох хүн дүрст роботыг бүтээснээ Мягмар гарагт Москва хотод танилцуулжээ.
Гэтэл “Rocky” киноны “Gonna Fly Now” дууны аян дээр тайзанд гарч ирсэн робот хэд алхсаныхаа дараа нүүрээрээ харуулдан унасан юм.
Энэ уналтыг харуулсан дүрс бичлэг сүүлийн өдрүүдэд сошиал ертөнц, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр хүчтэй тараад байгаа.
Тэгвэл роботыг зохион бүтээсэн AIDOL (Artificial Intelligence Dynamic Organism Lab) компани өчигдөр Телеграм хуудсаараа мэдэгдэл гаргажээ.
Дараа нь хамар дээрээ шархны наалттай, толгойгоо боосон роботын дүрс бичлэгийг үзүүлсэн байна.
Уг бичлэг дээр робот “Манай баг цахилгаан тэжээлийг минь засварлаж, камерын дуранг цэвэрлэж өгсөн тул одоо би илүү сайн харж, олон камерын гэрлийн гялбалттай зохицож чадахаар болсон” гэж хэлж байв.
Сүүлийн жилүүдэд хүн дүрст роботын технологи нь хөрөнгө оруулалтын нэг шинэ салбар болж, Тесла зэрэг томоохон компаниуд анхаарлаа төвлөрүүлэх болсон.
Тус компани 172 см өндөр Optimus нэртэй робот хөгжүүлж байгаа бөгөөд үүнийгээ ирээдүйд хүнд хүчир ажлаас хүмүүсийг чөлөөлнө гэж үзэж байна.
Сая бүтээсэн роботоо танилцуулах хүртэл AIDOL компани төдийлөн нийтэд танигдаагүй байсан юм. Тус компанийг Владимир Витухин гэдэг хүн 2023 оны хоёрдугаар сараас хойш удирдаж байгаа гэнэ.
LinkedIn танилцуулгаас нь харвал тэр одоо Дубайд амьдардаг, ОХУ-ын засгийн газрын мэдээллийн технологийн олон төслийг удирдаж байсан туршлагатай нэгэн ажээ.
Вэб сайтдаа AIDOL компани өөрийгөө “Оросын анхны хүн дүрст роботыг” бүтээгч гэж тодорхойлсон байна. Бас хөгжүүлж буй хиймэл оюуны системээ робот болон дэсктоп компьютер хоёрын аль алинд нь зориулагдсан гэж тайлбарлажээ.
Өчигдөр Телеграм хуудсандаа гаргасан мэдэгдэлд AIDOL компани роботын уналт нь ингэж их олны анхаарлыг татсанд гайхаж байгаагаа илэрхийлсэн байна.
“Үнэнийг хэлэхэд мэдээллийн хэрэгслийн анхаарлыг ингэж их татсанд бид бага зэрэг гайхаж байна. AIDOL бол дэлхий даяар ажилладаг мянга, мянган стартапуудын нэг бөгөөд Орост харьцангуй цөөхөнд тооцогддог компани. Бид хүн дүрст роботын хөгжүүлэлт, динамик тогтворжуулалтад анхаарлаа хандуулдаг. Энэ бол засгийн газрын төсөл биш, том корпорацуудын санхүүжүүлсэн төсөл биш. Гаднын хөрөнгө оруулалтгүйгээр хэдэн жилийн турш өөрсдийн хичээл зүтгэлээр ажиллаж буй 14 хүнтэй жижиг багийн бүтээл юм” гэж уг мэдэгдэлд өгүүлжээ.
Тэд өөрийгөө Оростоо хамгийн дэвшилтэт компани, дэлхийд салбарын тэргүүлэгчидтэй эн зэрэгцэж буй компани гэж тодорхойлсон байна.
“Жишээлбэл бид нүүрний бүрэн хувиралтай, офлайн ажиллагаатай, утга агуулгын мэдрэмжтэй ярьдаг анхны роботыг бүтээсэн. Гэтэл жижигхэн стартап компанийн бүтээсэн робот тайзан дээр унахад дэлхий даяараа ингэж их санаа зовсонд бид гайхаж байна. Бидний үзэж байгаагаар энэ бол дэвшилтэт технологийг хөгжүүлэх явцад гардаг ердийн үзэгдэл юм” гэж AIDOL мэдэгджээ.
Эх сурвалж: Business Insider
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!