Сошиал ертөнцийн инфлюнсерын нэр алдарт “хэт гоо үзэсгэлэн” саад болдог гэсэн дүгнэлтэд судлаачид хүрчээ.
АНУ-ын Дэйтоны Их сургуулийн Эндрю Эделблюм, Орегоны Их сургуулийн Эбби Фрэнк нарын удирдсан багийн явуулсан энэхүү судалгааны үр дүн саяхан “The Conversation” сайтад нийтлэгдсэн юм.
Тэдний хийсэн дүгнэлтээр инфлюнсер хүн хэтэрхий царайлаг, үзэсгэлэнтэй бол дундаж хүнтэй харьцуулахад бага “лайк” цуглуулж, цөөн дагагч олж авдаг байна.
Судлаачид үүнийг батлахдаа фитнесийн зохиомол инфлюнсерүүдийн хуудсыг олноор үүсгэн тарааж, хүмүүс тэдгээрт ямар хариу үйлдэл үзүүлэхийг харьцуулан судалжээ.
Эндээс ажигласан зүйлээ судлаачид “beauty backfire effect” буюу гоо сайхны сөрөг нөлөө гэж нэрлэсэн байна.
Нөгөө талаар инфлюнсерүүдийн бичлэгийн хандлага, уур амьсгал бас хүмүүсийг татахад чухал нөлөө үзүүлж байжээ.
Тухайлбал даруухан өнгө аястай, хувийн сул талаа хүлээн зөвшөөрсөн, алдаа бүтэлгүйтлээ хуваалцсан бичлэгүүд илүү хүмүүсийн таалалд нийцэж байсан байна.
Харин төгс бие галбир, царай зүс, гоц авьяас чадвараа гайхуулсан инфлюнсерүүдийн бичлэг төдийлөн хүмүүсийг татахгүй байжээ.
“Даруу төлөв байдал нь ‘хүрэх боломжгүй’ мэт зүйлээс илүү инфлюнсерүүдийн хүчирхэг зэвсэг болдог нь эндээс харагдаж байна” гэж судлаачид дүгнэлтдээ бичсэн байна.
Хүйсийн ялгаа бас нэг чухал хүчин зүйл болдог нь уг судалгаанаас харагджээ.
Жишээ нь маш үзэсгэлэнтэй, дур булаам төрхтэй эрэгтэй, эмэгтэй инфлюнсерүүдээс эрчүүд нь илүү олон хүн татаж байсан байна.
Үүнийг “эмэгтэйчүүдийн гадаад төрх, үзэмжид илүү өндөр хатуу шаардлага тавьдаг нийгмийн хандлагатай холбоотой” гэж судлаачид тайлбарлажээ.
Одоо судлаачид сошиал ертөнцийн хандлага угсаа гарал, соёлын ялгаан дээр яаж илэрдгийг гүнзгийрүүлэн судлах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.
Эх сурвалж: The Conversation
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!