ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/11/11-НД НИЙТЛЭГДСЭН

Казахстан улс АНУ-ын нөлөө, ашиг сонирхлыг татахын тулд Абрахамын Хэлэлцээрт нэгдэв

Т.Давааням, ikon.mn
2025 оны 11 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт Казахстан улс АНУ-ын зуучлалаар Абрахамын Хэлэлцээрт нэгдэх шийдвэр гаргасныг албаны эх сурвалжууд мэдээлж байна.

Абрахамын Хэлэлцээр нь Израиль болон Исламын шашинт улсуудын харилцааг хэвийн болгох зорилготой олон улсын бичиг баримт юм.

Казахстан улсын хувьд хэдийгээр хүн амын олонх нь муслим боловч Израиль улстай бүр 1992 онд буюу Зөвлөлт Холбоот Улсаас тусгаар тогтносныхоо дараахан дипломат харилцаа тогтоож байсан түүхтэй.

Тиймээс энэ алхмыг Казахстаны хувьд бэлгэдлийн чанартай, АНУ-ын нөлөөг өөртөө татаж, Орос, Хятадтай харилцах харилцаандаа хүчний тэнцвэрийг бий болгох зорилготой алхам гэж ажиглагчид үзэж байна.

Абрахамын Хэлэлцээрт нэгдсэн орнуудын тоо нэмэгдэх нь ерөнхийлөгч Трампын хувьд гадаад бодлогын нэг чухал амжилт болж байгаа юм.

Одоогоор Исламын ертөнцөөс Арабын Нэгдсэн Эмират, Бахрейн, Марокко улсууд 2020 онд Абрахамын Хэлэлцээрт нэгдэж, Израильтай харилцаагаа сайжруулах алхам хийгээд байгаа.

Трампын засаг захиргаа уг хэлэлцээрт нэгдэх орнуудын тоог нэмэхийг хичээж байгаа бөгөөд энэ сарын 18-нд Саудын Араб улсад Трампын хийх айлчлал нь ийм зорилготой юм.

Казахстан нь Төв Азийн улс орнуудаас Абрахамын Хэлэлцээрт нэгдсэн анхны улс болж байна.

Газрын тосоор баян тус улс Оростой урт хугацааны түнш бөгөөд сүүлийн жилүүдэд Хятадтай харилцаа, түншлэл нь бас гүнзгийрч байгаа.

Харин Абрахамын Хэлэлцээрт нэгдсэнээр АНУ-тай илүү ойр түншлэх боломж нээгдэж байна.

“Абрахамын Хэлэлцээрт нэгдэх нь Вашингтоны анхаарлыг татах, АНУ-ын засгийн газрын агентлагууд, хувийн хэвшлийнхний эдийн засгийн ашиг сонирхлыг Казахстанд бий болгох ухаалаг прагматик алхам юм” гэж Вашингтонд төвтэй Atlantic Council судалгааны хүрээлэнгийн Евразийн Төвийн дэд захирал Эндрю Д’Аниери дүгнэжээ.

Трамп өнгөрсөн долоо хоногт Төв Азийн таван “стан” улсын ерөнхийлөгч нарыг Цагаан ордонд хүлээн авч уулзах үеэр Казахстаны ерөнхийлөгч Абрахамын Хэлэлцээрт нэгдэх шийдвэрээ зарласан нь тохиолдлын хэрэг биш байлаа.

Энэ уулзалтын өмнө Казахстан улс вольфрамын дэлхийн хамгийн том хөндөгдөөгүй нөөцүүдийн нэгийг АНУ-тай хамтран ашиглах болсныг зарласан юм.

Вашингтоны эх сурвалжуудын мэдээлснээр Казахстаны араас Узбекистан, Азербайжан улсууд Абрахамын Хэлэлцээрт нэгдэх сонирхлоо илэрхийлээд байгаа гэнэ. Израильтай дайсагнагч Иран улстай хил залгадаг энэ хоёр улс дээрх хэлэлцээрт нэгдвэл Трампын засаг захиргааны том амжилт болох юм.

 

Эх сурвалж: AFP