Өнөөдөр Монгол Улсад хүчин төгөлдөр байгаа 880 гаруй хуулийн 95 орчим хууль нь уул уурхайн салбарын дагаж мөрдөх ёстой хууль байна. Оюутолгойн гэрээ хийгдэж байх үед энэ тоо 40-50 орчим л байжээ.
Гэтэл гаднын хөрөнгө оруулагчид Хөрөнгө оруулалтын тухай хууль болон Ашигт малтмал, Газар, Усны тухай хууль зэрэг ерөнхий цөөхөн хуулийг л хараад орж ирдэг бөгөөд цаашлаад Монголын хууль эрх зүйн орчин, татварын танилцуулгыг үзээд л үүдэн дээрээс үргэж байна гэдгийг мэргэжилтнүүд олонтоо онцлоод буй.
ГРАФИК 2: Уул уурхайн салбарт нөлөөлөх хууль, эрхзүйн өнөөгийн байдал:
Түүнчлэн дагаж мөрдөх ёстой 95 хууль дээр нэмээд 1500+ хуулийн заалтууд, 98+ Засгийн газрын тогтоол, 1200+ стандарт, 119+ сайдын тушаал, 34+ төрийн байгууллагын удирдлагын шийдвэрүүд болон журмаар хүлээсэн үүргүүд, олон улсын стандартууд, Засгийн газрын бодлого хөтөлбөрүүд, холбогдох гэрээгээр хүлээсэн үүрэг зэрэг олон давааг давах ёстой болдог аж.
Жишээ нь гэхэд дунд хүчин чадал бүхий алтны үндсэн ордын хувьд барилга бүтээн байгуулалтын шатандаа жилд 280 гаруй зөвшөөрөл, зөвшөөрлийн шинж чанар бүхий баримт бичгийг холбогдох байгууллагуудаас авч ажилладаг байна.
ЗУРАГ 1: Уул уурхайн төслийн үе шат ба тэдгээр үеүдэд шаардагдах баримт бичгүүд:
Эх сурвалж: Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци
Уул уурхай нь төсөл нь хайгуул, төслийн бүтээн байгуулалт, олборлолт, хаалт гэсэн дөрвөн үе шаттай байдаг байна.
Хайгуулын шатанд эрсдэл хамгийн өндөр буюу хамгийн багадаа 5 жил цаашлаад 10, 20 жил ч үргэлжилж, орлогогүй дандаа зарлага гарч байдаг энэ үед төсөл хэрэгжүүлэгч нар 32+ орчим хууль эрхзүйн шаардлагыг хангах үүрэг хүлээдэг байна.
Хамгийн сүүлийн жишээ гэхэд Зөөвч-Овоо төсөл 25 жил хайгуулын шатандаа байсны эцэст саяхан бүтээн байгуулалтдаа орох гэрээгээ зурсан билээ. САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ: 28 жил хэмжиж НЭГ огтлов
Төслийн бүтээн байгуулалтын үед хамгийн өндөр хөрөнгө оруулалтын хувь хэмжээ шаарддаг ба түүнийгээ үр ашигтай зарцуулахын тулд хурдан олборлолт руу шилжих хэрэгтэй байдаг аж.
Гэтэл энэ үед хамгийн их буюу 287 орчим зөвшөөрөл болон зөвшөөрлийн шинж чанартай дүгнэлт, гэрээ, тайлан зэргийг шаарддаг байна. Эдгээрийн нэгийг нь гүйцээж байж нөгөөх нь ар араасаа гардаг учир их хугацаа ордог аж.
Хугацаандаа гарвал хоёр жилийн дотор бүх зөвшөөрөл гарч дуусдаг бөгөөд түүний дараа л бүтээн байгуулалт эхэлдэг байна. Гэтэл энэ хугацаа нь хөрөнгө оруулалтын үргүй зардлыг нэмж байдаг ба энэ зардал нэмэгдэхийн хэрээр төслөөс орж ирэх орлого, улсын төсөвт төлөх татвар зэрэг өгөөжөө алдсаар байдаг нь харамсалтай.
САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ: Долоо хэмжүүлж долоо огтлуулдаг уул уурхайн төслүүд…
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!