Индэр    
2025 оны 11 сарын 4
Зураг
iKon.mn Сэтгүүлч

Долоо хэмжүүлж долоо огтлуулдаг уул уурхайн төслүүд…

Уул уурхайн салбарын оролцогч талуудын байр суурь болон гадаадын хөрөнгө оруулалтын тухай судалгааны үр дүнгүүдийн дийлэнх нь энэ салбарын бодлого болон хууль тогтоомжийн ойлгомжтой, тогтвортой байдлыг хангах нь хамгийн чухал гэдгийг онцолсоор байна. 

Түүнчлэн улс төрчид нэг томоохон уул уурхайн гэрээ, төслийг олзолж аваад Засаг унагаах, сонгуулийн хар, цагаан сурталчилгаа хийх зэрэг улс төрийн увайгүй зорилгодоо ашигладаг явдал хэрээс хэтэрсэн гэхэд болно. УИХ-ын танхимд аливаа томоохон уул уурхайн төслийн эдийн засгийн үндэслэлээс илүү дийлэнхдээ улс төржсөн хий үгнүүд хийсдэг явдал одоо ч хэвээр байгаа нь харамсалтай. 

Тэртээ 2009 онд Оюунтолгойн гэрээг үзэглэхэд залгуулаад нүүрс, уран зэрэг ашигт малтмалын гэрээнүүдийг сунжруулахгүй урагш хөдөлгөх хэрэгтэй байна гэдгийг олон судлаач, ажиглагчид тэмдэглэн үлдээжээ. Гэтэл тэдгээр төслүүд нь төдийгөөс өдий хүртэл мөн л сунжирсаар 2025 оны эхээр гэрээнүүдээ үзэглэсэн нь энэ жилийн онцлох үйл явдлууд байв. 

ГШХО-ыг боомилсон гэнэтийн хуулиудын үлдээсэн сорви одоо ч эдгээгүй байна 

“Гэнэтийн хууль” буюу тогтворгүй бодлого нь уул уурхайн салбарын хөгжлийг хязгаарлаж, гадаадын хөрөнгө оруулалтын урсгалыг сааруулж цаашлаад урт хугацааны сорви үлдээн эдгэх гэж ямар урт хугацаа зарцуулж буйг доорх графикаас харж болно. 

ГРАФИК 1: Гэнэтийн хууль болон гадаадын шууд хөрөнгө оруулалтын өсөлт бууралтын хамаарал: 

Гадаадын хөрөнгө оруулалтад шинэ хуулиуд маш сөрөг нөлөөллийг үзүүлж, үүнтэй холбоотойгоор дайжжээ. 2010-2012 онуудад хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо хамгийн өндөр буюу 2,979-2,303 байсан ч 2013 оноос хойш эрс буурсаар 2021 он гэхэд 891 болсон байна.

Гадаадын шууд хөрөнгө оруулалт 2011-2012 онд оргилдоо хүрч, дараагийн жилүүдэд буурсан нь тод харагдаж байна. Монгол Улс уул уурхайн салбартаа 2012 оноос хойш 2024 он хүртэл 12 жил гадаадын хөрөнгө оруулалтыг хайсаар л байна. 

Хууль эрхзүйн уул уурхайн салбарт үзүүлж буй сөрөг нөлөөг засахын тулд 2015 онд Ашигт малтмалын тухай хуулиар ХТЗ олгож эхэлсэн ч гадаадын хөрөнгө оруулалтын хувь хэмжээ ихсээгүй аж.  Түүнчлэн СЭЗИС-аас хийсэн судалгаагаар 2000-2009 оны хооронд 2006 онд “Гэнэтийн ашгийн татвар”, 2009 онд урт нэртэй зэрэг хуулиуд гарсан. Эндээс “Гэнэтийн ашгийн татвар” нь ихээхэн сөрөг нөлөөлөл бий болж байсан хэмээн онцолсон байна. Гэнэтийн хуулиуд аль ч үед Засгийн газраас биш УИХ-ын гишүүдээс гардаг бөгөөд тэд иргэдийн эсэргүүцэл дээр үндэслээд улс төрийн шийдвэр гаргачих нь элбэг аж.  

Монголын Уул уурхайн үндэсний ассоциацын гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа "Эдийн засгийн тулгуур болсон уул уурхайн салбар нь сүүлийн 20 гаруй жилд улс төржилтийн гол бай болсоор ирсэн. Уул уурхайн салбарын хөгжлийг улс төржилт 5-10 жилээр хойш татдаг" хэмээн мөн л уул уурхайн төсөл улс төрийн бай болсон үеэр онцлон хэлж байв. 

Эндээс тогтвортой байдал хамгийн чухал гэдгийг харж болох бөгөөд аливаа уул уурхайн төсөл нь багадаа таван жилийг геологи, хайгуулд, төслийн бүтээн байгуулалт, олборлолтод 10 жилийг зарцуулж үр ашгаа хүртэх нь үүнээс ч урт хугацаанд байдаг аж. Энэ хугацаанд хөрөнгө оруулагчид тухайн улс орноосоо тогтвортой байдлыг л хүсэх нь ойлгомжтой. 

Бараг бүх салбарын хууль уул уурхайн салбарт нөлөөлдөг 

ГРАФИК 2: Уул уурхайн салбарт нөлөөлөх хууль, эрхзүйн өнөөгийн байдал: 

Өнөөдөр Монгол Улсад хүчин төгөлдөр байгаа 880 гаруй хуулийн 95 орчим хууль нь уул уурхайн салбарын дагаж мөрдөх ёстой хууль байна. Оюутолгойн гэрээ хийгдэж байх үед энэ тоо 40-50 орчим л байжээ. 

Гэтэл гаднын хөрөнгө оруулагчид Хөрөнгө оруулалтын тухай хууль болон  Ашигт малтмал, Газар, Усны тухай хууль зэрэг ерөнхий цөөхөн хуулийг л хараад орж ирдэг бөгөөд цаашлаад Монголын хууль эрх зүйн орчин, татварын танилцуулгыг үзээд л үүдэн дээрээс үргэж байна гэдгийг мэргэжилтнүүд олонтоо онцлоод буй. 

Давааны цаана даваа  

Түүнчлэн дагаж мөрдөх ёстой 95 хууль дээр нэмээд 1500+ хуулийн заалтууд, 98+ Засгийн газрын тогтоол, 1200+ стандарт, 119+ сайдын тушаал, 34+ төрийн байгууллагын удирдлагын шийдвэрүүд болон журмаар хүлээсэн үүргүүд, олон улсын стандартууд, Засгийн газрын бодлого хөтөлбөрүүд, холбогдох гэрээгээр хүлээсэн үүрэг зэрэг олон давааг давах ёстой болдог аж. 

Жишээ нь гэхэд дунд хүчин чадал бүхий алтны үндсэн ордын хувьд барилга бүтээн байгуулалтын шатандаа жилд 280 гаруй зөвшөөрөл, зөвшөөрлийн шинж чанар бүхий баримт бичгийг холбогдох байгууллагуудаас авч ажилладаг байна.

ЗУРАГ 1: Уул уурхайн төслийн үе шат ба тэдгээр үеүдэд шаардагдах баримт бичгүүд: 

зураг
 

Эх сурвалж: Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци

Уул уурхай нь төсөл нь  хайгуул, төслийн бүтээн байгуулалт, олборлолт, хаалт гэсэн дөрвөн үе шаттай байдаг байна. 

Хайгуулын шатанд эрсдэл хамгийн өндөр буюу хамгийн багадаа 5 жил цаашлаад 10, 20 жил ч үргэлжилж, орлогогүй дандаа зарлага гарч байдаг энэ үед төсөл хэрэгжүүлэгч нар 32+ орчим хууль эрхзүйн шаардлагыг хангах үүрэг хүлээдэг байна. 

Хамгийн сүүлийн жишээ гэхэд Зөөвч-Овоо төсөл 25 жил хайгуулын шатандаа байсны эцэст саяхан бүтээн байгуулалтдаа орох гэрээгээ зурсан билээ. САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ: 28 жил хэмжиж НЭГ огтлов

Төслийн бүтээн байгуулалтын үед хамгийн өндөр хөрөнгө оруулалтын хувь хэмжээ шаарддаг ба түүнийгээ үр ашигтай зарцуулахын тулд хурдан олборлолт руу шилжих хэрэгтэй байдаг аж. 

Гэтэл энэ үед хамгийн их буюу 287 орчим зөвшөөрөл болон зөвшөөрлийн шинж чанартай дүгнэлт, гэрээ, тайлан зэргийг шаарддаг байна. Эдгээрийн нэгийг нь гүйцээж байж нөгөөх нь ар араасаа гардаг учир их хугацаа ордог аж. 

Хугацаандаа гарвал хоёр жилийн дотор бүх зөвшөөрөл гарч дуусдаг бөгөөд түүний дараа л бүтээн байгуулалт эхэлдэг байна. Гэтэл энэ хугацаа нь хөрөнгө оруулалтын үргүй зардлыг нэмж байдаг ба энэ зардал нэмэгдэхийн хэрээр төслөөс орж ирэх орлого, улсын төсөвт төлөх татвар зэрэг өгөөжөө алдсаар байдаг нь харамсалтай.  

"Нэг зүйлийг байнга ярьсаар байгаа боловч тэр нь улам ужгирсаар байгаа"

2024 оны байдлаар ГШХО нь Монгол Улсын нийт хөрөнгө оруулалтын 60%-ийг бүрдүүлдэг бол ГХО-ын 80 орчим хувь нь уул уурхайн салбарт байна.  

СЭЗИС-аас 2024 онд нийсэн хийсэн “Уул уурхайн салбарын гадаадын шууд хөрөнгө оруулалтын Монгол Улсын нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөө” судалгаагаар бодлогын ойлгомжтой, тогтвортой байдлыг хангах нь хамгийн чухал гэдэгтэй оролцогч талууд санал нэгдсэн бөгөөд энэ асуудал нь ач холбогдлын хувьд нэгдүгээрт эрэмбэлэгджээ.

Судалгаанд “Хамгийн эмзэглэх сөрөг дүгнэлт нь сүүлийн 20 гаруй жил тогтвортой бодлого, хууль эрх зүйн тогтвортой, ойлгомжтой байдлыг хүсэмжилж байгаа нь тодорхой бөгөөд энэ тал дээр гарсан онцгой ахиц дэвшил байхгүй байгаа явдал юм” хэмээн дүгнэсэн байна. 

Түүнчлэн уг судалгаагаар уул уурхайн салбарын оролцогч талуудын 2000 оноос хойших  олон нийтийн хэвлэл мэдээллээр өгсөн ярилцлага, нийтлэлийн хүрээнд дараах дүн шинжилгээ хийжээ. 

ЗУРАГ 2: ГШХО-н хүрээнд голлон илэрхийлсэн санаа 2000 оноос хойш: 

зураг
 

ЗУРАГ 2: ГШХО-н хүрээнд голлон илэрхийлсэн санаа 2000-2009 он: 

зураг
 

ЗУРАГ 3: ГШХО-н хүрээнд голлон илэрхийлсэн санаа 2020 оноос хойш: 

зураг
 

ЗУРАГ 5: Оролцогч талуудын голлон илэрхийлсэн санаа 2010-2019 он болон 2020 оноос хойш  

Уг дүн шинжилгээнээс сүүлийн 20 жилд ямар асуудал анхаарлын төвд байсан гэдгийг тод харж болохоор байна. Судалгаанд үүнийг “Бид нэг зүйлийг байнга ярьсаар байгаа боловч тэр нь улам ужгирсаар байгаа нь тодорхой боллоо. ГШХО-н өсөлт бууралтыг ярихаас үр дүн, үр ашгийг хэрхэн нэмэгдүүлэх, эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх эерэг нөлөөллийг нэмэгдүүлэх, баялгийн тэгш хуваарилалтыг бий болгох асуудлаар ярихгүй байгаа явдал юм” хэмээн дүгнэсэн байна.  

Уул уурхайн мэргэжилтнүүдийн хэлснээр үйлдвэрлэгч улс өөрийн үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүндээ нэн шаардлагатай байгаа түүхий эдийг стратегийн ач холбогдолтой түүхий эд гэж үзээд түүнийгээ бодлогоор дэмждэг байна. Ихэнх улсууд эдгээр улсуудтай давхцаж байгаа түүхий эд нь аль байна вэ гэдгээ тодорхойлж түүн рүү нь түлхүү хайгуулаа эрчимжүүлэн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж байгаа аж. 

Манай улсын хувьд үйлдвэрлэгч биш учир сүүлийн жилүүдэд ямар байдлаар чухал ашигт малтмалын трендэд нэгдэх вэ гэдгээ сайн бодох хэрэгтэй. Мөн уламжлалт алт зэс, хөнгөн цагаан, нүүрсний хэрэглээ ч өндөр хэвээр байгаа учир өөрсдийн нөхцөл байдалдаа тохируулж ямар бодлого баримтлах вэ гэдэгтээ нухацтай хандах хэрэгтэй байгаа аж. 

Товчхондоо уул уурхайн аливаа төслүүдийг долоо хэмжиж явах нь зүйтэй ч дэлхий нийтэд энэ салбарт шинэ зүйлсийг ярьж эхэлж буй энэ цаг үед хөдөлгөх хэрэгтэй төслүүдээ муйхраар гацаан долоо огтолж явах биш бодитой хяналт тавьж үр дүнтэй урагшлуулах нь чухал байна. 

 Үргэлжлэл бий…