Уншиж байна ...

"Уул уурхайн компани бол хулгайчид гэх сөрөг мэдээллийг нийгэмд жинхэнэ хулгайчид нь тарьж байна"

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 10 сарын 10
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим /МҮХАҮТ/, Монгол дахь Америкийн худалдааны төв, Улаанбаатар хотын худалдааны танхим, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци зэрэг бизнесийн холбоод, ТББ-ууд хамтарсан мэдэгдэл гарган өнөөдөр мэдээлэл хийлээ. 

"ААН, иргэдэд огт хамаагүй энэ асуудлыг зохицуулах ёстой Үндсэн хуулийн цэц "Унтаж байна" ажлаа хий"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав "Улс төрийн хямрал, зөрчилдөөн болохоор аж ахуйн нэгжүүдийг том жижиг, гэлтгүй цоллож, гүтгэн доромжлох явдал хэрээс хэтэрч байна. Төрийн институт, нэг намын дотоод зөрчлийн асуудал нь тэдний л асуудал болохоос биш ажлын байр бий болгож, татвар төлөөд дотоодын нийт бүтээгдэхүүний 76-80 хувийг үйлдвэрлээд явж байгаа ААН, баялаг бүтээгчдийнх биш юм. 

Улсын өмчийг улс төрийн эрх мэдэл олж авсан этгээдүүд түр зуурын эзэмшилд байлгаад үе солигдоход уг эзэмшил хоорондын зодоон явагдаж байгаа нь төрийн нийтийн хамааралтай өмчийг хуульчилж хамгаалалгүй 30 жил явсны сөрөг үр дагавар юм. 

Өнөөдрийн бий болсон асуудал нь ААН, иргэнд огт хамаагүй. Энэ асуудлыг зохицуулах ёстой Үндсэн хуулийн цэц "Унтаж байна". Цэц ажлаа хийх хэрэгтэй байна. Хэрүүлдээ бүх ААН, иргэдийг татан оролцуулж нийгмийн замбараагүй байдлыг бий болгож, хэдэн нөхөд улс төрийн олз хайн цаашлаад Монгол Улсын тусгаар тогтнолд сөргөөр нөлөөлөх явдал хэрээс хэтэрч байна. 

Дараагийн долоо хоногт Европын холбооны 27 улсын 60 гаруй хөрөнгө оруулагчид ирэх гэж байхад төрийн байгаа байдал ийм л байна. Татварын багц хууль, Хөрөнгө оруулалтын хууль, Эдийн засгийн эрх чөлөөний багц хуулиудыг төсвийн дараа хэлэлцэх байтал зогсонги байдалтай байна. 

Эдийн засгийг зогсоох сааруулах, гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг хойш татах байдалд ороод байгаа учир төр нь төрөөрөө, эдийн засаг нь эдийн засгаараа явъя" гэв. 

"Уул уурхайн салбарын хөгжлийг улс төржилт 5-10 жилээр хойш татдаг. Нийгмийн бугшсан асуудлын эзэд нь уул уурхай руу дайрах нь зүй бус"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа "Эдийн засгийн тулгуур болсон уул уурхайн салбар нь сүүлийн 20 гаруй жилд улс төржилтийн гол бай болсоор ирсэн. Өнгөрсөн хугацаанд хувийн өмч, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр Засгийн Газар маш олон зорилго зорилтыг тавьсан ч нэг ч ажил нь ажил хэрэг болж бүтсэнгүй. Эсрэгээрээ улс төрийн зодооноо уул уурхайн салбар руу чихэж байна. 

Парламентын гишүүд нэг нэг ордыг барьж аваад тэдгээрийн талаар буруу ташаа мэдээлэл өгөх явдал ч ажиглагддаг. Уул уурхайн салбарын төлсөн татвар, хураамж төсвийн 30 орчим хувийг, дам нөлөөллөөрөө 50-60 хувийг бүрдүүлж байдаг. Хүнд татварын нөхцөл, хууль эрх зүйн тодорхойгүй байдалд үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлүүд нэгдсэн байр сууриа гаргаад явж байна. Цаашид улс төрийн намууд парламентын засаглалыг сулруулах, Засгийн Газраас гарч байгаа шийдвэрийг иргэдэд буруу ташаа мэдээлэх явдлаа зогсоохыг шаардаж байна. 

Энэ салбарын хөгжлийг улс төржилт 5-10 жилээр хойш татаж байдаг. Нүүрсний хулгайн асуудал энэ салбарын асуудалд ямар ч холбоогүй юм. Уурхайчид, уул уурхайн компани бол хулгайчид гэх сөрөг мэдээллийг нийгэмд жинхэнэ хулгайчид нь тарьж байгаад маш их харамсаж байна. Нүүрсний хулгайг энэ салбараас салгаж ойлгох хэрэгтэй. 

Тендерийн хулгай нь төсөв болон төрийн өмчит компаниудад байдгийг маш тодоор харж байна. Хэдэн мянган хэрэгцээгүй ажлын байрыг төрийн өмчит компаниуд гэх нэрийн дор бий болгожээ. Төрөөс хамааралтай компаниуд нь үр ашиг байдаггүй. Энэ үр ашиггүй өмчийн хэлбэрийг хувьчилна гэж ярихаасаа илүүтэйгээр хувийн хэвшлийг төрд авна гэж ярьдаг. Үүнийгээ иргэдэд баялгийн санг бүрдүүлэх гэж байна гэж сайхан амалдаг боловч Хөтөл цемент шохой, Дархан төмөрлөгийн үйлдвэр зэрэг маш олон хувийн хэвшлээс булааж авсан компани болгон дампуурч байна. 

Өнгөрсөн 35 жилийн хугацаанд хувийн хэвшлийн бүтээн байгуулсан барилга байгууламж, үйлдвэр, дэд бүтцийн маш олон төслүүд нүднээ ил байгаа. Гэтэл төрийн маш олон амласан төслүүд ТЭЗҮ дээрээ гацсан 3D макетаас өөр юм алга. 

Уул уурхайн салбарын ажилчдадаа ч уриалж байна. Хөдөлмөрлөж олсон мөнгө чинь хэн нэгний хулгай хийх мөнгийг бэлдэж өгчээ. Энэ салбараас олж ирсэн мөнгийг зөв захиран зарцуулаагүй нь улмаас нийгэм, эрүүл мэнд, боловсролын асуудал шийдэгдэж чадаагүй. Энэ бугшсан асуудлын эзэд нь уул уурхай руу дайрах нь зүй бус юм" гэв. 

"Хариуцлагагүй улс төрчдийг бид өөрсдөө өөгшүүлж байна"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол дахь Америкийн худалдааны төвийн гүйцэтгэх захирал О.Адъяа "Хөрөнгө оруулагчид төгс төгөлдөр зүйлийг биш ердөө л тогтвортой, ойлгомжтой, хэрэгждэг хууль, Засгийн Газрын бодлогыг л хүсдэг. Өнөөдөр ярьсан юмыг маргааш өөрчилдөг байж болохгүй. Түүнчлэн хувийн хэвшлийн амжилтын түүхийг түгээн дэлгэрүүлмээр байна. Оюутолгойтой дүйцэхүйц том төсөл ахиад хэрэгтэй байна.

Талцал дээд цэгтээ хүрсэн энэ цагт тал талдаа хариуцлагатай баймаар байна. Хариуцлагагүй улс төрчдийг бид өөрсдөө өөгшүүлж байна. Цаашид эдийн засгийн эрх чөлөөтэй улс байх уу? төрийн өмч давамгайлсан капиталист нийгэм рүү явах гээд байгаа юм уу? гэсэн зааг дээр зогсчихлоо. Хувийн хэвшил баялгийг бий болгож байна гэсэн энгийн ойлголтыг хүн бүр мэддэг болох хэрэгтэй байна" гэв. 

"Би хулгайлах гэж байсан чинь энэ хулгайлчихлаа, энэ надаас илүү хулгайлчихлаа" гэсэн хоёр хулгайчийн л хэрүүл болж байна"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"CEO" Клубийн ерөнхийлөгч Б.Гантулга "Гаднын хөрөнгө оруулагчид биднийг шулах гэж байна гэсээр байгаад хөөж явуулсаар өнөөдөр маш бага хэмжээнд хүрсэн байна. Одоо энэ асуудал үндэсний компаниуд руугаа орж эхэлж байна. Хувийн хэвшлийн хөрөнгийг хурааж авна гээд ярьж байна. Хураачих юм бол дараа дараагийн компаниудын өмч, та бүхний 20, 30 жил амьдарсан орон сууцыг ч хурааж авна гэхэд ямар ч асуудалгүй болно. 

Төрийн өмчит компаниуд дээр сонгуулийн мөнгөө босгохын тулд өөрсдийн тавиулуудаа тавьчихдаг. Тэр хүмүүс нь улс төрийн намаа санхүүжүүлээд явдаг бүтэц Монголын нийгмийг яав ч зөв чиглэл рүү аваачихгүй. Төрийн мафийн бүтэц рүү орчихсон явж байна.

Өнөөдрийн улс төрийн дайн бол хоёр талын "Би хулгайлах гэж байсан чинь энэ хулгайлчихлаа, энэ надаас илүү хулгайлчихлаа" гэсэн хоёр хулгайч хоорондоо хэрэлдэж байгаа л асуудал юм. Үүндээ мөрөөрөө ажиллаж байгаа компаниудыг татаж оруулж ирээд 20, 30 жилийн өмнө болсон асуудлыг татаж гаргаж ирээд ярьж байна.

Хулгайгаа дийлэхгүй байгаа төрийн өмчит компаниуд руу дахиад мөнгө нэмээд байх юм уу? Зодооныг чинь улам л нэмэгдүүлнэ. Эсрэгээрээ төрийн өмчит компаниудыг багасган хувьчилж, ашигт ажиллагааг нь нэмэгдүүлэн эзэнтэй болгох хэрэгтэй. Өөрсдийнх нь сонгуулийн ажилд сайн ажилласан дөрвөн жилийн мандаттай туслах, зөвлөхүүд нь ирээд тендер авдаг байдал хэрээс хэтэрлээ. 

Төр үндсэн ажлаа хийж чадахгүй гаднаа бүх эмч, багш нараа цуглуулчхаад түүнийхээ бурууг хувийн хэвшил рүү чихэж байна. Төр нүүрс ухах шаардлага байхгүй. Удахгүй "тавчик" үйлдвэрлээд явж магадгүй юм шиг байна" гэв. 

"Улс төрчид бизнесээс холдсон нэртэй боловч бизнесээ хийсээр байдаг. Хурдан сандал ширээний ажлаа дуусгаад үндсэн ажлаа хий" 

Монголын сав баглаа боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбооны тэргүүн Б.Болдбаатар "Бизнес улс төр хоёрыг салгасан хууль эрхзүйн заалтууд хомс байна. Манай салбарын хуулиудыг баталсан ч чадамжгүй хууль баталдаг. Заримыг нь батлахгүй гацаадгаас болж өнөөдрийн нөхцөл байдал үүсэж байна. 

Улс төрчид бизнесээс холдсон нэртэй боловч эхнэр, хүүхдийнхээ нэр дээр компаниа шилжүүлчихсэн ард нь бизнесээ хийсээр байдаг. Иймд эрх баригчид хясаж боогоод байгаа хуулиудаа баталж өгөөд бизнесийн байгууллагыг олон улсын жишгийнх нь дагуу ажиллах нөхцөлөөр хангаж өгөөсэй" гэв. 

Улаанбаатар хотын худалдааны танхимын гүйцэтгэх захирал Б.Хаш-Эрдэнэ "Өнөөдрийн эрх баригчдыг улс төрийн зорилгоор бизнесийн нэр төрд халдаж буй явдлаа зогсоохыг хатуу шаардаж байна. Сүүлийн жилүүдэд дуртай улс төрч нь  "Би бол ажилчин анги, чи бол баян компанийн эзэн" гэх ойлголтоор нийгмийг талцуулж байна. Ийм үйлдлийн дараа маш сайн хөрөнгө оруулалт татчихсан, үйлдвэр барьчихсан нэг компани олон сар дансаа хаалгачихсан, ажилчдынхаа цалинг тавихад хүндрэлтэй болчихсон байна. Дансыг нь хаалгасан эрх мэдэлтнүүд хариуцлага хүлээгээгүй л байна. Маш олон компанийн эздийг гүтгэж байгаад зарим нэгийг нь шоронд оруулчихсан. Газар дээрэмдэж аваад түүн дээрээ баяжаад байна гээд маш олон компаниуд руу дайрдаг. Тэр газрыг эрх мэдэлтнүүд л өгч байгаа шүү дээ" гэв. 

МИТА мэдээллийн технологийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Л.Хулан "Монгол Улсын Засгийн Газрыг хувийн хэвшлийн бизнесийн орчныг дэмжиж ажиллахыг уриалж байна. Улс төрийн зорилгоор дайрч давшиж байгааг ёс зүйгүй үйлдэл гэж харж байна. Хөрөнгө оруулагчид маш олон санал санаачилгыг гаргаж Монгол Улсад хөрөнгө оруулж байгаа боловч түүнд буруу үйл ажиллагаа явуулснаас үүдэж хязгаарлагдаж байна" гэв. 

Монголын бизнесийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Н.Сувд "Монгол Улсын Үндсэн хуульд иргэн өөрийн аж ахуй эрхлэх, өмчтэй байх, өмчийнхөө үр шимийг хүртэх эрхтэй, Монгол Улсын иргэнийг эрх чөлөөг төр хүндэтгэн ажиллах ёстой гэж заасан байдаг. Гэтэл уг эрхийг төр хөндөж байна. Хуулийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаад харамсаж байна" гэв. 

Монголын даатгалын зах зээлийн холбооны ерөнхийлөгч Н.Монсор "Хурдан сандал ширээний ажлаа дуусгаад бизнесийнхний маш олон хууль шинэчлэлийн ажилдаа ормоор байна. Хууль эрхзүйн орчныг бүрдүүлж өгөх үүрэгт ажлаа хийхгүй, сандал ширээний хэрүүл нь даамжраад хямрал үүсэх хэмжээнд хүрлээ. Төр сайн менежер биш. Хувийн хэвшилд хамгийн их мэдлэг чадвартай хүмүүс нь ирж хамгийн өндөр цалинг авдаг. Гэтэл төрийн өмчит компанид мэргэжлийн менежмент байхгүй байгаа бол яг ямар хүмүүс тэнд ажиллаад байна вэ? Төрийн өмч нь давамгайлах гээд байгаа юм уу? Хувийн хэвшил нь юм уу? Гадаадын хөрөнгө оруулалт ч зугтаагаад алга боллоо. Дотроо байхгүй капиталыг гаднаас л авна шүү дээ" гэв. 

https://www.facebook.com/iKonNews/videos/1939368296633880