Монгол хүний амьдралынхаа туршид идэж буй 18 кг хуванцрыг дахин боловсруулах боломж

- Монгол орны ус, ундааны савны хог хаягдлын нөхцөл байдал ба шийдэл 2026.01.31 Мэдээллийг бэлтгэсэн: IKON.MN М.Батчимэг 

P lastic
ХУВАНЦАР БА АСУУДАЛ
Таны хаясан хуванцар ус, ундааны сав хог болсон хойноо эргээд таны биед бага багаар шингэсээр байдгийг та мэдэх үү?

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн судалгаагаар хүн долоо хоногт ойролцоогоор 5 грамм буюу нэг кредит картын жинтэй тэнцэхүйц бичил хуванцар идэж байж магадгүй гэж таамаглажээ.
Цаашилбал энэ нь:
1 сард
21 грамм буюу
4-5 ширхэг усны савны таг
6 сард
125 грамм буюу
25 орчим ширхэг усны савны таг
1 жилд
250 грамм буюу
нэг жижиг усны сав
Монгол хүний дундаж наслалт буюу 71.8 жилээр харвал нэг Монгол хүн амьдралынхаа туршид 18 кг бичил хуванцар идэж байна. Энэ нь 72 жижиг усны савтай тэнцэх юм.
Өөрөөр хэлбэл бид хуванцар савтай бүтээгдэхүүн хэрэглэвэл л хортой гэж боддог ч үнэн хэрэгтээ хуванцрын хог хаягдал нь илүү хортой буюу бичил хуванцрууд бидний амаар, амьсгалаар тэр бүү хэл гоо сайхны бүтээгдэхүүн зэргээр дамжин арьсаар хүртэл хүний биед шингэж байдаг байна.
Монголд жилд ойролцоогоор 18,000 тн PET төрлийн буюу ус, ундааны хуванцар сав хог хаягдал болж гарч байгаагаас ойролцоогоор 4,000 гаран тн хуванцрыг л дахин боловсруулахаар цуглуулж чадаж байгаа юм байна.
Үлдсэн хэсэг нь хий дэмий байгальд хаягдан задарч бичил хуванцар болж ус, агаар, хоол хүнсээр дамжин бидний биед орсоор байна.
Монгол улс нэг хүнд ноогдох хуванцар хаягдлын хэмжээгээрээ 137.58 кг буюу дэлхийд 9-р байранд ордог нь асуудал бодитоор байгааг харуулна.
2014 онд Хөвсгөл нуурын эрэг дагуу хийсэн судалгаагаар Ханхын орчимд хамгийн их бичил хуванцраар бохирдсон гэх судалгаа гарсан байна.

Мөн 2020 оноос хойш жил тутамд Туул голын сав дагуу хийж буй хуванцрын бохирдлын судалгаагаар 1 литр усанд 2 мм-ээс дээш хэмжээтэй хуванцар хамгийн багадаа 500 орчим тоологдсон байна.


/МУИС-ийн Инженер, Технологийн дэд проф. Т.Энхдөлийн ярианаас/
Манай орны хуурай уур амьсгал, ил задгай хогийн цэгүүдийн нөлөөгөөр бичил хуванцар агаараар дамжин хүний биед орох эрсдэл харьцангуй өндөрт тооцогдож байна.

Монгол Улс амаар авах хуванцрын түвшин (a) харьцангуй бага ч гэсэн агаараар авч буй хуванцрын хэмжээ (c) өндөр байна.
ТАНЫ ХИЙЖ ЧАДАХ ҮЙЛДЭЛ МАШ ЭНГИЙН ЕРДӨӨ Л ЗӨВ ХАЯХ
PET хуванцар ингэж харагддаг
/Ус, ундаа, пивоны хуванцар сав/
Нэг удаагийн хуванцар хэрэгслүүд болон
бохирдол ихтэй тос, цэвэрлэгээний бодис зэргийн савыг дахин боловсруулах боломжгүй.
Хуванцрыг хаяхаасаа өмнө доторх шингэнийг нь асгаад гишгэж овор хэмжээ багатай болгон таглаад хаяхад болно.
E conomy
ТОЙРОГ ЭДИЙН ЗАСАГ БА ШИЙДЭЛ
Дэлхий даяар жилд 219 сая тонн хуванцар үйлдвэрлэгддэг ч ердөө 20-30 хувь нь л дахин боловсруулагдаж байна.
Манай улс энэ салбарт дэлхийн хөгжлөөс хоцорсон уу гэвэл ҮГҮЙ. Хэсэгхэн л ашиглаад хаясан ус, ундааны сав цаашдаа яах ёстой вэ? гэх асуултаас энэ бүх түүх эхэлнэ…

Тодруулбал "М-Си-Эс Кока-Кола" компани 2030 он гэхэд борлуулсан ус, ундааныхаа бүх саваа буцааж цуглуулаад дахин боловсруулах зорилт тавьсан байна. Энэ зорилт нь зүгээр нэг яриа биш, дэлхий даяарх бодит нөхцөлөөс үүдэлтэй.

2018 оны нэгдүгээр сард Хятад улс ус, ундааны PET хуванцар хаягдал импортлохоо зогсоосон. Үүнтэй зэрэгцээд Coca-Cola компани дэлхий даяар “World Without Waste” гэх санаачилгыг эхлүүлэн борлуулсан сав бүрийнхээ хариуцлагыг үйлдвэрлэгч өөрөө хүлээе гэх бодлогыг хэрэгжүүлж эхэлжээ.

Тухайн үед Монголд олон улсын стандарт хангасан хуванцар дахин боловсруулах үйлдвэр байгаагүй. Тиймээс "М-Си-Эс Кока-Кола" компанийн санаачилгаар 2021 онд дэлхийн стандартад нийцсэн TML үйлдвэрийг нийт 100 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтад оруулсан байна.

Энэхүү үйлдвэр нь 16 стандарт сагсан бөмбөгийн талбайтай тэнцэх хэмжээтэй, жилд 20 мянган тонн хуванцар сав боловсруулах хүчин чадалтай юм.

Энэ нь манай улсад жил бүр үүсэж буй 18 мянган тн буюу бүх ус, ундааны савны хогийг дахин боловсруулах боломжтой үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллахад бэлэн байна гэсэн үг.

Тойрог эдийн засаг буюу савнаас сав руу дахин ашиглах систем Монголд аль хэдийн хэрэгжээд эхэлсэн нь талархууштай. “Сав” нь бэлэн учир “саалийг” нь бэлдэх хэрэглэгчийн зөв хандлага, хогийг булшлах биш дахин боловсруулахад чиглэсэн зөв менежмент л энэ тойрог системд дутагдаж байна.

"М-Си-Эс Кока-Кола" компанийн баримталж байгаа гол зарчим нь маш ойлгомжтой. “10 ундаа борлуулсан бол 10 саваа цуглуулна”

Иймд "SESL Smart Solution"компаниар дамжуулан дахин боловсруулах боломжтой хаягдлыг улсын хэмжээнд тээвэрлэх логистикийн сүлжээг үүсгэсэн ба тус компани нь СӨХ, ААН, хувь хүмүүсээс ус, ундааны савны цуглуулалтыг хийдэг байна.

2025 оны байдлаар тус компани нь Улаанбаатарт 1,540, хөдөө орон нутагт 50 харилцагчтай болоод байгаа ба 20 хоёрдогч түүхий эдийн цэгүүдээс мөн 21 аймгийн төвөөс хуванцар цуглуулалтыг хийж байгаа юм байна.
2024 оны байдлаар сав цуглуулалтын түвшин 56 хувьтай байсан ба 2030 он гэхэд үүнийг 100 хувь болгох зорилт тавиад байгаа аж.

Нийт харилцагчдын 47 хувь нь СӨХ байгаа бөгөөд оршин суугчдаасаа хуванцар цуглуулж өгсөн мөнгөөрөө цэвэрлэгээний бодисоо авах зэргээр зохицуулалт хийдэг сайн туршлагууд аль хэдийн нутагшаад эхэлсэн байна.

Түүнчлэн хүүхдэд багаас нь хог ангилж хаях дадал суулгах нөлөөллийн ажлын хүрээнд гуравхан ЕБС-аас ганцхан улиралд 16,123 кг PET хуванцар цуглуулж чадсан байна.
Мөн олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор томоохон арга хэмжээнүүдээс сав цуглуулдаг аж. Тухайлбал Playtime наадмаас 1,100 кг, Үндэсний их баяр наадмаас 450 кг, Зориг сангийн арга хэмжээнээс 2,500 кг, 3x3 сагсан бөмбөгийн тэмцээнүүдээс 450 кг, MCS Recycling Champion-оос 4,000 кг хуванцар сав цуглуулсан байна.

Хэрхэн цуглуулдаг тухай:
T echnology
ТЕХНОЛОГИ БА ДАХИН АМИЛАЛТ

"SESL" компанийн цуглуулсан хуванцар сав TML үйлдвэрт орж олон улсын стандартын дагуу дахин боловсруулагддаг.

Эхний шатанд Италийн Sorema төхөөрөмжөөр шошгыг салгаж, өнгө болон төрлөөр нь ангилна. Үүний дараа угааж хатаан үлдэгдэл шороо, тос, чийгийг бүрэн арилгаж хэрчигч төхөөрөмж хуванцрыг дахин боловсруулалтад бэлэн жигд хэрчдэс болгон хувиргадаг.

Энэ төхөөрөмж нь цагт 2.5 тонн түүхий эд боловсруулж, 2 тонн цэвэр үйлдвэрлэх чадалтай бөгөөд АНУ-ын Хүнс, эмийн удирдах газар болон, Европын холбооны хүнсний аюулгүй байдлын стандартыг хангадаг байна.

Дараагийн шатанд Австрийн Erema төхөөрөмжөөр 280°C температурт хайлуулж, бүх төрлийн нян болон хорт бодисыг бүрэн устгана. Үүний дараа хайлсан хуванцрыг молекулын түвшинд цэвэрлэж, талсжуулан хөргөснөөр rPET үрэл гарган авдаг аж.

Эцсийн бүтээгдэхүүн болох rPET үрлийг лабораторид шинжилж, хүнсний зориулалтын шаардлага хангаж байвал ус, ундааны сав болгож дахин ашиглана.

Харин шаардлага хангахгүй бол нэхмэлийн утас, сүлжмэл эдлэл зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой аж.

Монгол Улсад дахин боловсруулсан хуванцартай холбоотой стандарт, шинжилгээний аргачлал албан ёсоор батлагдсан бөгөөд TML үйлдвэр эдгээрийг болон гадаадын стандартуудыг бүрэн мөрдөж ажилладаг аж.

Ингэснээр хэрэглэсэн ус, ундааны сав хог биш, харин шинэ бүтээгдэхүүн болж дахин амилж, байгаль орчинд ээлтэй тойрог систем бүрэлддэг байна.

"М-Си-Эс Кока-Кола" компани Энэ жилийн 3-р сард Монголд 100 хувь дахин боловсруулсан савлагаатай анхны ус болох Bonaqua-г зах зээлд гаргахаар зорьж байгаа нь энэ бүх ажлын бодит үр дүн юм.

Дэлхий дахинаа хуванцар сав энгийн л нэг хог байхаа больж бодлого, хариуцлага, тэрбум тэрбумын хөрөнгө оруулалтын асуудал болсон байна.
Монгол Улсад хатуу хог хаягдлын хэмжээ жилээс жилд өсөж, 2023 оны байдлаар 3 сая тонн давсан бөгөөд түүний дийлэнх хэсэг нь ландфилд булшлагдаж, дахин боловсруулалтын түвшин харьцангуй бага хэвээр байна.

Ялангуяа энгийн хог хаягдал дотор дахин ашиглах, дахин боловсруулах боломжтой нөөц их хэмжээгээр агуулагдаж байгаа нь хог хаягдлыг зөв менежментээр эдийн засгийн эргэлтэд оруулах бодит боломж байгааг харуулж байна.
Монгол Улсын хатуу хог хаягдлын нийт нөөц /мян.тонн/
Эх сурвалж: Хог хаягдлын данс 2020-2023 ҮСХ
2023 онд 2106.6 мян.тонн /80.7%/-г ландфиллд булж 188.8 мян.тонн /7.2%/-г дахин боловсруулсан байна.
Хууль эрх зүйн орчны хувьд Монгол Улс хог хаягдлын тухай хууль, холбогдох журам, стандартуудыг үе шаттайгаар боловсруулж, 3R зарчим, тойрог эдийн засаг, үйлдвэрлэгчийн хариуцлагын үзэл баримтлалыг бодлогын түвшинд тусгасан нь томоохон давуу тал юм.

Мөн олон улсын гэрээ, стандартуудтай нийцсэн зохицуулалтыг бий болгосон нь салбарын хөгжлийн суурь нөхцөлийг бүрдүүлж байна.

Гэвч бодит хэрэгжилтийн түвшинд хууль, журмын хэрэгжилт жигд бус, орон нутгийн чадавх, санхүүжилт, хяналт, ангилан ялгалтын тогтолцоо сул хэвээр байгаа нь дахин боловсруулах, тойрог эдийн засгийг бодит үр дүнтэй хэрэгжүүлэхэд саад болж байна.

Ялангуяа хог булшлахад төвлөрсөн менежмент давамгайлж, дахин боловсруулахад чиглэсэн зохицуулалт хангалтгүй байна.

Монгол Улсад хуванцар болон хатуу хог хаягдлын асуудал нь зөвхөн байгаль орчны бус, эрүүл мэнд, эдийн засаг, бодлогын уялдааны цогц асуудал болоод байна.

Монгол Улсад тойрог эдийн засгийн суурь, технологи, боломж аль хэдийн бүрдсэн ч зөв менежмент, урамшуулал, иргэдийн оролцоо дутмаг хэвээр байна. Хэрэв бид хог хаягдлыг устгах биш, нөөц гэж харж, зөв ангилж, хариуцлагатай хэрэглэж чадвал хуванцар хаягдлын асуудлыг бодитоор бууруулах бүрэн боломжтой.

Иймд цаашид хог хаягдлыг булшлахад төвлөрсөн менежментээс татгалзаж , эх үүсвэр дээр нь ангилан ялгах, дахин боловсруулахад чиглэсэн эдийн засгийн хөшүүрэгтэй удирдлагын тогтолцоог бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай байна.

АСГААД, ГИШГЭЭД, ТАГЛААД Л БОЛОО...