Уншиж байна ...

“Physical: Asia” шоуны продюсер Монголын багийг яагаад оролцуулах болсон талаараа ярьжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 11 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн үзэгчдийг байлдан дагуулж буй Нэтфликсийн “Physical: Asia” шоуны продюсер Чан Хо Ги өнгөрсөн долоо хоногт Холливүүдийн энтертайнмэнт мэдээ мэдээллийн deadline.com сайтад ярилцлага өгчээ.

Ярилцлагадаа тэр уг шоуг бүтээх санаа анх хэрхэн гарсан, оролцогч улс орнуудыг яаж сонгосон талаараа ярьсан байна.

Тухайлбал тэр Монгол улсын багийг хэрхэн сонгосон талаараа онцлон ярьжээ.

“Physical: 100” шоуны хоёр бүлгийг гаргасных нь дараа Чан Хо Ги продюсерт маш олон хүнээс янз бүрийн санал ирж байсан гэнэ.

Эдгээрийн дотор Монголын талаас тавьсан санал анхаарлыг нь татаж байжээ. Тиймээс Монголыг сонгосон шалтгаан Азийн бусад улс орнуудыг сонгосноос арай өөр байсныг Чан тайлбарласан байна.

“Энэ сонголт бусдаасаа бага зэрэг өөр байсан. Учир нь өмнөх шоуны нэг, хоёрдугаар бүлэг дууссаны дараа бид маш олон хүмүүстэй, тэр дундаа Монголын засгийн газрын албаны хүмүүстэй уулзаж байсан. Тэгэхэд тэд надад Солонгос, Монголын хооронд тус бүр 15 тамирчин оролцсон шоу зохион байгуулах санал тавьж байв. Ийм шоу сонирхолтой байж болох ч илүү олон улс орнуудыг оролцуулж, Азийн хувилбарыг бүтээвэл бүр сонирхолтой юм биш үү гэж би хэлж байлаа. Ингээд Physical: Asia шоуг бүтээхээр эцэслэн шийдсэний дараа тэд бидэнд өөрийн шилдэг оролцогчдыг сонгоход тусалсан юм” гэж Чан ярьжээ.

Уг шоуны дараагийн хувилбаруудыг төлөвлөж байгаа эсэхийг сэтгүүлч асуухад Чан “Би Бразилын үзэгчдээс Physical: 100 шоуны Бразил хувилбарыг бүтээх маш олон санал хүлээж авсан. Энэ улс олон дэмжигчтэй спортын том гүрэн тул би үүнд дуртай байгаа. Бас Африкийн хувилбарыг бүтээх саналыг маш олон хүн илэрхийлж байгаа” гэж ярьсан байна.

Одоогоор “Physical: 100” шоуны АНУ, Италийн хувилбаруудыг бүтээх ажил эхлээд явж байгааг тэр бас мэдээлжээ.

 

Эх сурвалж: deadline.com