Хятадын эрх баригчид хилийн чанадад луйврын үйл ажиллагаа явуулдаг гэмт хэрэгтнүүдтэйгээ тэмцэх ажлын хүрээнд Мьянмар улсын нутагт ажиллаж байсан мафийн таван гишүүнд өчигдөр цаазын ял оноожээ.
Уг мафийн эзэд нь Бай овогтын гэр бүл юм. Шүүхийн вэб сайтад нийтлэгдсэн ялын тогтоолоос үзвэл тэдний гэр бүлийн гишүүд болон хамтрагчид болох нийт 21 хүнийг залилан, хүн амины хэрэг, бусдын бие махбодод хохирол учруулсан болон бусад зүйл ангиар буруутгажээ.
Бай овогтын гэр бүл 2000-аад оноос эхлэн хүчирхэгжсэн бөгөөд Мьянмарын хилийн ядуу хот Лауккаиныг казино, улаан дэнлүүний гудамжны том төв болгон хувиргасан цөөн хэдэн мафийн нэг юм.
Сүүлийн жилүүдэд тэд Хятадаас голдуу авчирсан олон мянган хүнийг хил дамнасан залилан, луйврын үйл ажиллагаандаа хүчээр ажиллуулж байжээ.
Шэнжэний дунд шатны ардын шүүхээс тус мафийн таван гишүүнд цаазын ял оноосны дотор толгойлогч Бай Сүочэн, түүний хүү Бай Инчан болон тэдний шадар хүмүүс болох Ян Личян, Ху Шяожян, Чэнь Гуани нар байсан байна.
Бай овогтын гэр бүлийн өөр хоёр гишүүн тэнсэн харгалзах цаазын ял сонсжээ. Бусад таван хүнд бүх насаар хорих ял, есөн хүнд гурваас 20 жилийн хорих ял оноосон байна.
Хувийн зэвсэгт бүлэглэлтэй Бай овогтын мафи нийт 41 байраас бүрдсэн хорооллыг кибер луйвар, казино зэрэг үйл ажиллагаандаа ашиглаж байсныг шүүхийн тогтоолд дурджээ.
Тэдний үйл ажиллагааны нийт орлогыг 29 тэрбум юань ($4.1 тэрбум) гэж тооцоолсон байна.
Бай овогтын мафи Хятадын зургаан иргэний үхэл, нэг иргэний амиа хорлолт, бусад олон хүний гэмтэл бэртэлтэй холбоотойг шүүх мэдээлжээ.
Өнгөрсөн есдүгээр сард Хятадын шүүх Лауккаин хотод үйл ажиллагаа явуулж байсан бас нэг мафи болох Мин овогтын бүлгийн 11 гишүүнд цаазын ял оноож байв.
Эдгээр гэр бүлийн мафиуд одоо Мьянмарын цэргийн дэглэмийг удирдаж буй генерал Мин Аун Хлаины дэмжлэгтэй хүчирхэгжсэн гэдэг. Гэвч сүүлийн үед тэр Лауккаин дахь өөрийн холбоотнуудыг дэмжихийн тулд Хятадын эрх баригчидтай хамтран ажиллаж эхэлсэн нь мафиудын уналт болжээ.
Лауккаины зохион байгуулалттай гэмт хэргийн бүлгүүдийн дотор Бай овогтын мафи хамгийн хүчирхэг нь байсан тухай энэ оны долдугаар сард Хятадын төв телевизээр цацагдсан баримтат кинонд өгүүлж байв.
Уг баримтат кинонд тэдний луйврын төвд хүчээр ажиллаж байсан нэг хүн биеэр туулсан зүйлээ дурссан байдаг. Тухайлбал тэр байнга зодуулдаг байснаас гадна хумсаа бахиар сугалуулж, хоёр хуруугаа гал тогооны хутгаар тастуулж байжээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!