Уншиж байна ...

500 мянган хүн амтай арлын улс Кабо Верде хөлбөмбөгийн ДАШТ-д анх удаа оролцоно

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 10 сарын 14
IKON.MN
Зураг зураг

Хөлбөмбөгийн 2026 оны Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ий урьдчилсан шатны тоглолтууд үргэлжилж буй юм.

Африк тивээс ердөө 500,000 гаруй хүн амтай Кабо Верде арлынхан өнөөдөр Эсватиниг 3:0-ээр буулган авснаар "D" хэсгээ тэргүүлж, түүхэндээ анх удаа ДАШТ-д оролцох эрхээ авчээ.

Ингэснээр тус арлынхан ДАШТ-д оролцож буй хамгийн цөөн хүн амтай улсын тоонд орсон юм. Өмнө нь 300,000 гаруй хүн амтай Исланд Улс 2018 онд оролцох эрхээ авснаар рекорд тогтоож байв.

Атлантын далайн төв хэсэгт алслагдсан 10 арлаас бүтдэг тус улс хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох эрхээ аваад буй хамгийн жижиг газар нутагтай улс болжээ. Нийт 4,000 гаруй хавтгай дөрвөлжин километр газар нутагтай нь Монголын нэг том сумтай бараг ижил хэмжээтэй юм. 

Тодруулбал Сэлэнгэ аймгийн Мандал сум 4,300 гаруй хавтгай дөрвөлжин газар нутагтай юм.

Тэднээс өмнө Тринидад ба Тобаго Улс 2006 оны ДАШТ-д оролцсоноор энэ өвөрмөц амжилтыг эзэмшиж байлаа. 

зураг
 

Тус арлынхан "D" хэсэгт Камерун, Ливи, Ангол, Маврики, Эсватини Улстай сугалаа таарсан юм. Нийт 10 тоглолтоос 7 хожиж, 2 тэнцээд 1 хожигдсон үзүүлэлтээр 23 оноогоор хэсгээ тэргүүлсэн юм. 

Өнгөрсөн есдүгээр сард тивийнхээ том багуудын нэг Камеруныг талбайдаа 1:0-ээр буулган авчээ.

Хар тивээс одоогоор арлын орноос гадна Алжир, Египет, Гана, Марокко, Тунис Улс Америк тивийг зорих "тийзээ" авсан байна. 

ДАШТ-д найман удаа оролцсон амжилтаараа тивдээ тэргүүлдэг Камерун Улс ирэх арваннэгдүгээр сард болох нэмэлт тоглолтоор эрх авах эсэхээ шийднэ.