Баасан гарагт Вашингтон хотноо АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай уулзаж, агаарын довтолгооноос хамгаалах систем, алсын тусгалын зэвсгийн талаар хэлэлцэх болсноо Украины ерөнхийлөгч Володимир Зеленский өчигдөр мэдэгджээ.
Хоёр ерөнхийлөгч өнгөрсөн Бямба, Ням гарагуудад утсаар ярихдаа алсын тусгалын Томахавк далавчит пуужин нийлүүлэх асуудлыг эрчимтэй хэлэлцсэн гэх мэдээлэл байна.
Бас Баасан гарагийн уулзалтын өмнө Украины ерөнхий сайд Юлия Свириденко тэргүүтэй төлөөлөгчид Вашингтонд айлчлахаар болжээ.
“Үнэнийг хэлэхэд би ерөнхийлөгч Трамптай хэдийнээ үзэл бодлоо хуваалцсан. Гэхдээ зарим зүйлийг утсаар ярилцахад тохиромжгүй тул бид уулзахаар боллоо” гэж Зеленский өчигдөр Киев хотод сэтгүүлчидтэй уулзахдаа хэлсэн юм.
Украинд шинэ зэвсэг илгээх талаар бодож байгаагаа Трамп бас илэрхийлжээ. Тэр энэ талаар байр сууриа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярихдаа дуулгаж магадгүйг мөн хэлсэн байна.
Оросын эрх баригчид Томахавк пуужинг Украинд нийлүүлэхгүй байхыг АНУ-ын талд анхааруулсаар байгаа.
Өчигдөр Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Үнэндээ ийм далавчит пуужинг ашиглахад Америкийн мэргэжилтнүүд ямар нэг байдлаар оролцох шаардлагатай” гэж хэлсэн нь Украины дайнд АНУ шууд оролцож эхлэх эрсдэлтэйг анхааруулсан хэрэг байв.
Дараа нь ОХУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга, ерөнхийлөгч асан Дмитрий Медведев мөн ийм алхам хийхгүй байхыг АНУ-ын ерөнхийлөгчид анхааруулжээ.
“Эдгээр далавчит пуужингуудыг нийлүүлэх нь хүн бүрд, ялангуяа Трампын хувьд муугаар төгсөх болно” гэж тэр Телеграм хуудсандаа бичсэн юм.
Томахавк пуужин бол 2,500 км хүртэл тусгалтай, техникийн хувьд цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх чадвартай зэвсэг.
Украин улс одоо дроны технологио АНУ-тай хуваалцах гэрээ байгуулахад тун ойрхон болоод байгаа.
Энэ гэрээг Украины дайнд АНУ-ын оролцоог хадгалах чухал хөшүүрэг гэж Европын дипломатчид үзэж байна.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр Израиль улсад айлчилж, хоёр жил үргэлжилсэн Газын зурвасын дайны галыг зогсоох гэрээ байгуулагдахад гэрчээр оролцсон юм.
Гэрээний дагуу Хамас зэвсэгт байгууллагын барьцаанд байсан Израилийн бүх иргэн суллагдаж, Израилийн цэрэг тохиролцсон шугамын дагуу цэргийн хүчээ Газын зурвасаас татаад байна.
Украины болон Газын дайныг зогсооход Трамп ихээхэн хүчин чармайлт гаргаж байсны нэг нь ийнхүү тодорхой амжилтад хүрч байгаа юм.
Одоо түүний анхаарал Украины асуудалд төвлөрөх нь гарцаагүй юм.
Израиль-Хамасын хооронд гал зогсоох гэрээнд зуучилсан эрч хүчээ Украины асуудалд шилжүүлэхийг Германы канцлер Фридрих Мерц өчигдөр АНУ-ын ерөнхийлөгчид уриалжээ.
“АНУ-ын ерөнхийлөгч одоо Ойрх Дорнодод үзүүлсэн нөлөөгөө Оросын эрх баригчдад үзүүлж, бидэнтэй хамтран ажиллана гэдэгт найдаж байна” гэж тэр Египет улсад айлчлан очоод байхдаа хэлсэн юм.
Египетийн уулзалтаар Орос-Украины асуудлыг Трамптай хэлэлцэх төлөвлөгөөтэй байгаагаа Мерц энэ үеэр мэдэгджээ.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!