Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/10/07-НД НИЙТЛЭГДСЭН

Венесуэлийн бас нэг хөлгийг устгасан АНУ-ын зэвсэгт хүчин хуурай газарт ажиллагаа явуулж болзошгүйг Трамп мэдэгдлээ

Т.Давааням, ikon.mn
2025 оны 10 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Бямба гарагт АНУ-ын зэвсэгт хүчин Венесуэлийн эргийн ойролцоо хар тамхи тээвэрлэж явсан бас нэг хөлгийг устгасан тухай ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.

Тэрбээр Ням гарагт Норфолкийн тэнгисийн баазад “Harry S.Truman” нисэх онгоц тээвэрлэгч хөлгийн дэргэд үг хэлэх үеэрээ энэ талаар мэдээлсэн байна.

Трампын хэлсэн зүйл нь одоогоор мэдэгдэж байгаа дөрөв дэх ийм цохилт юм. Сүүлийн цохилтын үеэр дөрвөн хүн алагдсан байна.

“Сүүлийн хэдэн долоо хоногт картелийн алан хядагчдыг тамд илгээх бидний зорилтыг тэнгисийн цэргийн хүчин маань дэмжин ажиллаж байна. Өнгөрсөн шөнө бид дахин нэг ажиллагаа явууллаа. Одоо бидэнд өөр бай олдохгүй болсон. Тэд одоо тэнгисээр ирэх боломжгүй болоод байна. Тиймээс бид одоо хуурай газарт анхаарлаа хандуулах болно. Учир нь тэдэнд одоо газраар явахаас өөр арга үлдээгүй” гэж Трамп ярьжээ.

Трампын мэдэгдлийн хариуд Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро “Манай ард түмэн амьдрал, эрх чөлөөгөө хамгаалахаас хэзээ ч айхгүй. Бид ямар ч зүйлтэй тулгарахад бэлэн байна” гэж мэдэгдсэн юм.

Венесуэлийн гадаад хэргийн сайд Иван Гил өөртэй нь утсаар ярьсан ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров тус улсын эрх баригчидтай “эв санааны нэгдэлтэй” байгаагаа илэрхийлснийг бас мэдээлжээ.

Бямба гарагт Мадуро, Гил нар Венесуэлийн энх тайвныг бэхжүүлэхэд тусламж үзүүлэхийг хүссэн захиаг Ромын Пап Леод илгээсэн байна.

Ням гарагт Fox News сувгаар ярихдаа Пентагоны тэргүүн Пит Хэгсэт өөрт нь Карибын тэнгист ажиллагаа явуулах бүрэн эрх олгогдсоныг баталжээ.

“Бидэнд шаардлагатай бүх эрх мэдэл бий. Энэ бол гадаадын террорист байгууллагад тооцогддог этгээдүүдийн эсрэг ажиллагаа юм” гэж тэр хэлсэн байна.

Трамп хоёр дахь бүрэн эрхийнхээ хугацааг эхлүүлсний дараа Латин Америкийн хар тамхины картелуудыг “гадаадын террорист байгууллага” ангилалд оруулах шийдвэр гаргасан юм.

Ингэснээр АНУ-ын үндсэн хуулийн дагуу тэдний эсрэг зэвсэгт хүчнийг ашиглах эрхтэй болоод байгаа.

Гэхдээ зарим хуулийн мэргэжилтнүүд шүүх үйл явцыг алгасан гэмт хэрэгтнүүдийн эсрэг улс дундын усан бүсэд байлдааны ажиллагаа явуулахыг олон улсын хэм хэмжээг зөрчсөн үйлдэл байж болзошгүй гэж үзэж байна.

 

Эх сурвалж: Reuters