Орос улс дотоодын хомсдолоо нөхөхийн тулд Хятад, Өмнөд Солонгос, Сингапураас бензин шатахуун импортлохоор төлөвлөжээ
Орос улс дотоод зах зээлийн хомсдолоо нөхөхийн тулд бензин шатахууны импортын татвараа тэглэх, газрын тос боловсруулахдаа хориотой химийн бодис ашиглахыг зөвшөөрөхөөр төлөвлөж буйг Коммерсант сонин өчигдөр мэдээлжээ.
Сүүлийн саруудад Оросын зах зээлд бензин шатахууны бөөний үнэ огцом өссөн нь Украины талаас явуулж буй агаарын довтолгоонууд газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн ажиллагааг доголдуулсантай холбоотой.
Бизнес мэдээллийн өдөр тутмын Коммерсант сонин засгийн газрын шадар сайд Александр Новакаас ерөнхий сайд Михаил Мишустинд есдүгээр сарын 24-ний өдөр илгээсэн захидлыг олж авснаа өчигдөр мэдээлсэн юм.
Новакын дэвшүүлсэн саналд Роснефть зэрэг төрийн өмчит компаниудын импортын 5 хувийн татварыг тэглэх замаар Хятад, Өмнөд Солонгос, Сингапур улсуудаас бензин шатахуун авах талаар дурджээ.
Үүнээс гадна Новак доод ангиллын түлшний октаны түвшнийг дээшлүүлдэг монометиланилин (ММА) хэмээх химийн бодисын хоригийг түр хугацаанд цуцлах санал дэвшүүлсэн байна.
Мягмар гарагт ОХУ-ын засгийн газар бензин шатахууны экспортын хоригийг 2025 оныг дуустал үргэлжлүүлэх шийдвэр гаргасан юм.
Новакын саналд бас Беларусь улсаас импортлох түлшний хэмжээг сарын 300,000 тоннд хүргэх талаар дурдсаныг Коммерсант мэдээлжээ.
Өнгөрсөн есдүгээр сард тус улсаас 45,000 тонныг импортолж байсан байна.
Мягмар гарагт Москвагийн тэргүүлдэг Евразийн Эдийн Засгийн Холбоо бас ОХУ-ын засгийн газрын шийдвэрээс тусдаа бензин шатахууны импортын татварыг аравдугаар сарын 10-наас 2026 оны зургаадугаар сарын 30 хүртэл тэглэх шийдвэр гаргажээ.
Эх сурвалж: Коммерсант
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

