Японы эрх баригч намын даргын сонгуульд нэр дэвшигчдийг эмэгтэй улс төрч тэргүүлж байна
Ёмиури Шимбун сонин өнгөрсөн амралтын өдрүүдэд Японы эрх баригч Либерал Ардчилсан намын шинэ дарга хэн байхад хамгийн тохиромжтой талаар санал асуулга явуулахад эмэгтэй улс төрч тэргүүлжээ.
Япон улсын ерөнхий сайд Шигерү Ишиба энэ сарын эхээр огцрох шийдвэрээ зарласны дараа эрх баригч намын дараагийн тэргүүний өрсөлдөөн эхэлсэн юм.
Либерал Ардчилсан нам аравдугаар сарын 4-ний өдөр шинэ даргаа сонгох бөгөөд дараа нь Японы парламент ялагчийг ерөнхий сайдаар батламжилна.
Сүүлийн санал асуулгыг эдийн засгийн аюулгүй байдал хариуцсан сайд асан Санае Такаичи 28 хувийн саналаар тэргүүлжээ.
Дараа нь 25 хувийн санал авсан Хөдөө Аж Ахуй, Ой, Загас Агнуурын сайд Шинжиро Коизүми удаалсан байна.
Либерал Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга асан Тошимицү Мотеги, дижитал яамны сайд асан Таро Коно нар тус тус 7 хувийн саналаар тэдний араас жагссан байна.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ёшимаса Хаяаши 6, эдийн засгийн аюулгүй байдлын сайд асан Такаюки Кобаяаши 3 хувийн саналаар сүүл мушгижээ.
Санал асуулгад оролцогчдын 14 хувь нь нэр дэвшигчдээс сонгох боломжгүй гэсэн хариулт өгсөн байна.
Нэр дэвшигчийг сонгох болсон шалтгаанаа олон хариултаас сонгохыг хүсэхэд Такаичигийн дэмжигчдийн 85 хувь нь түүний шинэчлэлтийг хэрэгжүүлэх хүсэл эрмэлзэл гэж хариулжээ.
Коизүмигийн дэмжигчдийн 89 хувь нь бас ижил шалтгаанаар түүнийг сонгосон байна. Тэрбээр ерөнхий сайд асан Жүничирo Коизүмигийн хүү юм.
Хэрвээ Санае Такаичи намын даргын сонгуульд ялбал Япон улсын анхны эмэгтэй ерөнхий сайд болно.
Эх сурвалж: Yomiuri Shimbun
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
