ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/16-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ, Хятадын төлөөлөгчид ТикТокийн эзэмшлийг шилжүүлэх тохиролцоонд хүрснийг албаны эх сурвалж мэдээлжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 9 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Даваа гарагт АНУ-ын худалдааны төлөөлөгчийн газрын тэргүүн Жэймисон Грир хэлэхдээ Вашингтон, Бээжин хоёр ТикТок сошиал платформын эзэмшлийг шилжүүлэх ерөнхий тохиролцоонд хүрснийг мэдээлжээ.

Мадрид хотод Хятадын төлөөлөгчидтэй хэлэлцээ хийсний дараа АНУ-ын сангийн сайд Скотт Бессент гэрээ байгуулагдахад ойрхон болсныг мэдэгдсэн ч арилжааны нөхцөлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.

Сүүлд Хятадын төлөөлөгчдийн ахлагч Ли Чэнган мөн ТикТоктой холбоотой асуудлыг шийдвэрлэх тохиролцоонд талууд хүрснийг баталсан байна.

Дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр улсын хооронд маргаан зөрчил байх нь хэвийн зүйл боловч Вашингтоны эрх баригчид Хятадын компаниудыг дарамтлахын эсрэг байгаагаа тэр анхааруулжээ.

зураг
 

2024 оны дөрөвдүгээр сард тухайн үеийн ерөнхийлөгч Жо Байден үндэсний аюулгүй байдлын үндэслэлээр Хятад эзэмшилтэй ТикТок платформын АНУ дахь үйл ажиллагааг Америкийн компаниудад шилжүүлэх есөн сарын хугацаа өгч байв.

Дараа нь ерөнхийлөгч Трамп энэ хугацааг дахин хэдэн удаа сунгаж, АНУ-ын зах зээлд ТикТок хаагдахыг хойшлуулж байлаа.

Хятадын ByteDance компанийн эзэмшдэг ТикТок платформ одоо АНУ-ын зах зээлд 135 сая хэрэглэгчтэй гэгддэг.

Цагаан ордон өнгөрсөн сард тус платформ дээр өөрийн албан ёсны хаягийг нээж байлаа. Гэхдээ холбооны хуулийн дагуу засгийн газрын өмчийн төхөөрөмжүүд дээр ТикТок аппликэйшн ажиллуулах хориотой хэвээр байгаа.

Вашингтоны эрх баригчид Хятадын тал тус платформыг ашиглан Америкчуудыг тагнах, олон нийтийн санаа бодолд нөлөөлөх үйл ажиллагаа явуулахаас болгоомжилдог.

ТикТокийн эзэмшлийг Америкийн компаниудад шилжүүлээгүй тохиолдолд үйл ажиллагааг нь зогсоох талаар Трамп анх 2020 онд мэдэгдэж байв.

Дараа нь Майкрософт эзэмшлийг худалдаж авахаар хэлэлцэж эхэлсэн ч удалгүй зогссон юм. Тус компанийн гүйцэтгэх захирал Сатъя Наделла амьдралдаа үзсэн “хамгийн хачирхалтай хэлцэл” гэж үүнийг сүүлд дүгнэж байжээ.

Дараа нь Walmart болон Oracle компаниуд мөн худалдаж авахаар ярьж эхэлсэн ч тодорхой үр дүнд хүрээгүй юм.

Тохиролцооны нарийн ширийн зүйлсийг Трамп, Ши Жиньпин нар Баасан гарагт утсаар ярилцах үеэр эцэслэн шийдвэрлэхийг сангийн сайд Бессент өчигдөр мэдээлжээ.

Трамп энэ талаар сошиал хуудсандаа “Манай улсын залуу үеийнхний хадгалж үлдэхийг маш их хүсэж буй зүйлтэй холбоотой гэрээг тодорхой нэг компани байгуулахаар болж байгаа. Тэд маш их баяртай байх болно” гэж бичсэн байна.

 

Эх сурвалж: Associated Press