ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/04-НД НИЙТЛЭГДСЭН

Ши, Путин нар эрхтэн шилжүүлэн суулгах болон үхэлгүй мөнх амьдрах талаар ярилцсан нь санамсаргүй микрофонд бичигджээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 9 сарын 4
iKon.MN

Өчигдөр буюу Лхагва гарагт Бээжин хотноо болсон цэргийн парадын үеэр Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар эрхтэн шилжүүлэн суулгах замаар хүний насыг уртасгах боломжтой талаар ярилцаж байгаа нь хэвлэл мэдээллийн хэрэгслийн микрофонд санамсаргүй бичигджээ.

Тухайлбал тэднийг Умард Солонгосын удирдагч Ким Жон Унтай хамт Тяньаньмэний талбайд алхаж явахыг Хятадын төв телевиз шууд дамжуулах үеэр орчуулагчаар дамжуулсан харилцан яриа нь сонсогдож байв.

Ши, Путин нар тус бүр 13 ба 25 жил төрийн эрх барьж байгаа бөгөөд одоогоор халаагаа шилжүүлэх тухай огт ярихгүй байгаа.

“Өмнө нь 70-аас дээш насалсан хүн ховор байсан бол одоо 70-тай хүнийг хүүхэд гэдэг болжээ” гэж Ши Жиньпиний орчуулагч орос хэлээр ярьсан нь бичигджээ.

Дараа нь Путиний яриа хэсэг хугацаанд сонсогдохгүй байснаа түүний мандарин хэлний орчуулагч “Биотехнологийн хөгжлийн үр дүнд хүний эрхтнийг тасралтгүй шилжүүлэн суулгаснаар хүмүүс залуужиж, бүр мөнх наслах боломжтой болж байна” гэж хэлсэн байна.

Үүний хариуд Ши Жиньпиний орчуулагч “Энэ зуунд хүн 150 насалдаг болох таамаг бий” гэж хэлжээ.

Сүүлд Путин өөрийн улсын хэвлэлд ярилцлага өгөхдөө Ши Жиньпинтэй ярьсан зүйлээ баталсан байна.

“Орчин үеийн сэргээх эмчилгээ, эмнэлгийн технологиуд, эд эрхтэн шилжүүлэх мэс заслын арга хэрэгслүүд хүн төрөлхтний амьдрах хугацааг өнөөдрийнхөөс уртасгах боломжийг бүрдүүлж байна. Улс орнуудын дундаж наслалт өөр өөр байгаа ч ерөнхийдөө амьдрах хугацаа мэдэгдэхүйц нэмэгдэх болно” гэж Путин ярьсныг ТАСС агентлаг дамжуулжээ.

Эх сурвалж: BBC