ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/02-НД НИЙТЛЭГДСЭН

Ким Жон Уны хуягласан галт тэрэг Бээжин хотыг зорин хөдөлжээ

Т.Давааням, ikon.mn
2025 оны 9 сарын 2
iKon.MN
Зураг зураг

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны тусгай хамгаалалттай галт тэрэг Даваа гарагийн орой Хятадын нийслэл Бээжин хотыг чиглэн хөдөлсөн тухай Пёняны төв хэвлэл мэдээлжээ.

Тэрбээр маргааш буюу Лхагва гарагт Тяньаньмэний талбайд болох дэлхийн хоёрдугаар дайн дууссаны 80 жилийн ойд зориулсан цэргийн парадыг үзэх юм.

Энэ нь Ким Жон Уны хувьд анх удаагаа бусад улсуудын удирдагчдын хамт оролцох олон улсын арга хэмжээ байх болно.

Түүний хуягласан хүнд нүсэр бүтэцтэй галт тэрэг маш удаан зорчдог тул 24 цагийн дараа Бээжинд хүрэхийг Өмнөд Солонгосын Ёнхап агентлаг мэдээлжээ.

Умард Солонгосын удирдагч хамгийн сүүлд 1959 онд Хятадын цэргийн парадад оролцож байсан юм.

2015 онд болсон 70 жилийн ойн парадад тэр өөрөө оролцолгүй, өндөр албан тушаалтнуудынхаа нэг Чой Рён Хэг илгээж байжээ.

Ким Жон Ун гадаадад маш ховор айлчилдаг. Айлчилсан тохиолдолд зөвхөн өөрийн тусгай галт тэргээр зорчдог юм.

Тэрбээр хамгийн сүүлд 2019 онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан Бээжинд айлчилж байв.

Галт тэргээр гадаадад айлчлах нь түүний өвөө Ким Ил Суны үед бий болсон уламжлал юм. Дараа нь түүний эцэг Ким Жон Ил мөн зөвхөн галт тэргээр зорчиж, онгоцоор нисэхээс болгоомжилдог байлаа.

Өмнөд Солонгосын эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Ким Жон Уны галт тэрэг хурлын танхим, унтлагын өрөө, үзвэрийн танхим, гал тогоо зэргийг багтаасан нийт 90 орчим вагоноос бүрддэг гэнэ.

Маргаашийн парадыг Өрнөдийн бодлогыг эсэргүүцэх үзэл баримтлалтай голдуу 20 гаруй улсын төр засгийн тэргүүн үзэж сонирхох юм.

Харин Европын Холбооноос зөвхөн Словак улсын ерөнхий сайд Роберт Фико оролцох бол Болгар, Унгар улсууд төлөөлөгчөө илгээж байгаа юм байна.

 

Эх сурвалж: BBC