Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/14-НД НИЙТЛЭГДСЭН

Франц улсын дотор “Шинэ Каледони улс байгуулах” түүхэн тохиролцоонд хүрлээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 7 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Франц улсын эрх баригчид тус улсын бүрэлдэхүүнд багтдаг Шинэ Каледонийн төлөөлөгчидтэй Парис хотын ойролцоо арван өдөр хэлэлцсэний эцэст түүхэн тохиролцоонд хүрснээ Бямба гарагт зарлажээ.

Яриа хэлэлцээний үр дүнд Шинэ Каледонийн бүлэг арлууд Франц улсын бүрэлдэхүүнд хэвээр үлдэхдээ өөртөө засах онцгой эрх эдлэхээр болсон байна.

Ийм онцгой эрх эдэлснийхээ хариуд арлын оршин суугчид дахин тусгаар тогтнолын асуудлаар санал хураалт явуулахаа зогсоохоор болжээ.

Өнгөрсөн онд Номхон далайн Шинэ Каледони бүлэг арлуудад Францаас тусгаар тогтнох хөдөлгөөн өрнөсний улмаас 14 хүний амь үрэгдэж, эдийн засагт нь хоёр тэрбум еврогийн хохирол учирсан юм.

270,000 орчим хүн амтай, Парисаас 17,000 км зайд оршдог Шинэ Каледони бол Францын хилийн чанадад оршдог хэд хэдэн нутаг дэвсгэрийн нэг.

1800-аад оноос эхлэн тус арал Парист шууд захирагдаж ирсэн ч нутгийн уугуул канакчууд Францаас тусгаар тогтнох, эсвэл өргөн хүрээний автономит эрх эдлэхийг хүсэж байв.

Аралд гаднаас ирж суурьшсан хүмүүст сонгуульд санал өгөх эрх олгох шийдвэрийг Парист гаргасны улмаас 2024 оны тавдугаар сард Шинэ Каледонид үймээн самуун дэгдсэн нь нутгийн уугуул иргэд ирээдүйн хувь заяандаа санаа зовсных байлаа.

Харин сая Парист байгуулсан тохиролцоогоор Шинэ Каледонид 10 жил амьдарсан хүмүүст сонгуульд санал өгөх эрх олгохоор болжээ.

Тусгаар тогтнолыг дэмжигчид 2018 оноос хойш гурван ч удаа бүх нийтийн санал хураалт зохион байгуулсан ч Франц улсын бүрэлдэхүүнээс Шинэ Каледонийг гаргах санаа дэмжигдээгүй юм.

2021 онд болсон сүүлийн санал хураалтаас хойш Шинэ Каледонид улс төрийн нөхцөл байдал хурцадсан.

Зургаадугаар сарын эхээр Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон тус арлын асуудлыг шийдвэрлэх яриа хэлэлцээнд бүх талуудын төлөөлөгчдийг урьж байв.

зураг
 

Бямба гарагт байгуулсан 13 хуудас гэрээгээр Шинэ Каледонийг улсын статустай болгож, оршин суугчид нь Францын давхар иргэний харьяалалтай байхаар шийджээ.

“Шинэ Каледони Улс” гэх нэр томьёог Францын үндсэн хуульд тусгаж, бусад улсууд хүлээн зөвшөөрч, дипломат харилцаа тогтоох боломжтой болсон байна.

Бас арлын гол баялаг болох никелийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, эдийн засгийн хөгжлийг нь хангахаар болжээ.

Энэ оны сүүлийн улиралд Францын парламентын хоёр танхим гэрээг баталбал 2026 онд Шинэ Каледонид бүх нийтийн санал хураалтаар эцэслэн шийдвэрлэхээр болсон байна.

 

Эх сурвалж: AFP