Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/03-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Төгсдэлгэр: Орон сууцны хороолол, хотхон дунд автомашины зогсоол барихдаа оршин суугчдын саналыг авах нь зүйтэй

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 7 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Нийслэл хотын гэр болон орон сууцны хороолол дундах 90 байршилд төр, хувийн хэвшлийн түншлэлээр ил, далд зогсоолуудыг шинээр төлөвлөж, барихаар болжээ.

Ингэхдээ иргэдийн санал хүсэлтэд тулгуурлан эхний ээлжийн 40 байршилд ажлыг эхлүүлэхээр дүүрэг тус бүрд үе шаттай ажиллаж байгаа аж.

Энэ тухай Улаанбаатар хотын ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр "Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Чонон бөртэ төв орчимд нэгдсэн, цэгцтэй авто зогсоол байхгүйн улмаас явган хүн болон тээврийн хэрэгсэл чөлөөтэй зорчих боломжгүй байдаг. Тус байршил нь хотын төвийн гол гудамж замуудын нэг төдийгүй сургууль орчмын бүс тул түгжрэлд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг. Иймээс иргэдийн санал хүсэлтээр тус байршлын 1,800 ам метр талбайд ил авто зогсоол барихаар төлөвлөж байна.

Чонон бөртэ төвийн зүүн талд ил зогсоол барьж хаалт хийн цэгцлэх нь зөв бол урд талын зам дагуух зогсоолыг өөр төлөвлөлтөөр барина.

Мөн Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Лавай зах орчмын орон сууцны хотхонууд хоорондоо нягт байрладаг тул багахан гарсан талбайгаа авто зогсоол болгосон ч хүрэлцээ муутай байдаг. Хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламжийн хүрэлцээ багатай. Иймээс орон сууцны хотхонууд дундах авто зогсоолуудыг нэгтгэн тус захын хойд талд байрлах нийтийн эзэмшлийн талбайд шилжүүлж, их багтаамжийн зогсоол барих нь зүйтэй.

Өөрөөр хэлбэл одоо байгаа орон сууцны хотхонууд дундах авто зогсоолуудыг шилжүүлснээр хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламжийн хүрэлцээг давхар нэмэгдүүлэх боломжтой болно. Гэсэн хэдий ч дур мэдэн шийдвэр гаргалгүйгээр тухайн орчмын оршин суугчдын саналыг авч нэгтгэх хэрэгтэй" гэв.

Өнөөдрийн байдлаар Зогсоол хөтөлбөрийн хүрээнд Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороо буюу Саруул худалдааны төвийн хойд талд 16, 17 дугаар байрны оршин суугчдын санаачилгаар нийтийн эзэмшлийн гудамж талбайд зөвшөөрөлгүй барьсан байсан 16 гараашийг буулган дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 30 гаруй машины ил зогсоолыг барьж байгаа бөгөөд долоодугаар сард багтаан бүрэн дуусгах гэнэ.

Тус хороонд байрладаг Орос 3 дугаар сургууль нь 2,000 орчим сурагчтай боловч урд хэсэгтээ стандартын явган хүний зам байхгүй. Тиймээс энэ асуудлыг шийдэхээр ажиллаж байгааг Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг хэллээ.

ААН, байгууллага нь явган хүний зам барих зэрэг тохижилтод эзэмшлийн газраас чөлөөлж өгвөл нийслэл болон дүүргээс татварын хөнгөлөлт эдлэх зэрэг дэмжлэгийг авч болдог байна.

Улаанбаатар хотод байрлах ил зогсоолуудын ердөө долоон хувь нь төлбөр авдаг гэсэн судалгаа гарч, зогсоолын хүрэлцээг нэмэгдүүлэх хүрээнд цэгцлэх, журамлах ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг