Уншиж байна ...
Зураг
Зураг

Д.Амгалан: Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил 80 хувь хангагдсан. Наадмын тасалбар багцаасаа хамаарч ₮100,000-₮150,000 байна

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 7 сарын 1
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Хэвлэлийн хурлын эхэнд Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга Д.Амгалан "Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 21 дүгээр тогтоолоор баяр наадмыг зохион байгуулах комиссыг шадар сайд С.Амарсайханаар ахлуулаад дэд даргаар нь Соёл, Спорт, Аялал Жуулчлал, Залуучуудын Яамны сайд, Нийслэлийн засаг дарга, нарийн бичгийн даргаар нь Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын дарга ажиллахаар болсон.

Мөн есөн салбар хороо, 236 ажилтан албан хаагчийн баг бүрэлдэхүүнтэй наадмын бэлтгэл ажлыг хангаж байна.

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил 80 хувь хангагдсан. 

Үндэсний их баяр наадмын тасалбарын үнэ өмнөх жилийнхтэй ижил үнээр зарагдана. Багцаасаа хамаараад ₮100,000, ₮130,000, ₮150,000 үнэтэй. 

Нээлт, хаалтын тасалбарыг маргааш өглөөний 07:00 цагаас эхэлж, https://enaadam.mn/ сайтаар худалдаална. Өнгөрсөн жилийнхтэй ижил нээлтийн тоглолтыг өдөр, орой хоёр удаа давтаж үзүүлнэ. Оройн тасалбарыг ₮80,000 борлуулах бөгөөд https://ticket.mn/ сайтаар худалдана авах боломжтой" гэв.