Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/22-НД НИЙТЛЭГДСЭН

Ираны дээд удирдагч залгамжлагчаа бэлдэж эхэлснийг Тегераны албаны эх сурвалж мэдээлжээ

Т.Давааням, ikon.mn
2025 оны 6 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Ираны дээд удирдагч Аятолла Али Хамени өөрийнх нь амийг хөнөөсөн тохиолдолд залгамжлах хүнийг бэлдэж эхэлсэн тухай Бямба гарагт Нью-Йорк Таймс сонин мэдээлжээ.

Уг мэдээллийг нэрээ нууцалсан Тегераны албан тушаалтнаас авснаа тус сонин дурдсан байна.

Эх сурвалжийн мэдээлснээр Хамени өөрийгөө Израилийн халдлагын хохирогч болсон тохиолдолд залгамжлах гурван хүнийг нэрлэсэн гэнэ.

Өнөөдрийн Израиль-Ираны мөргөлдөөн эхлэхээс ч өмнө 86 настай шашны удирдагчийг хэн залгамжлах тухай асуудал яригддаг байсан юм.

Ираны дээд удирдагчийн залгамжлагчийг сонгох үйл явц тодорхой дүрэм журамтай байдаг.

Исламын шашны 88 том зүтгэлтнээс бүрддэг Экспертүүдийн Зөвлөл улсын тэргүүнийг нас барсны дараа чуулж, уг үүргийг гүйцэтгэдэг юм байна.

Ираны үндсэн хуульд зааснаар Хамени бол тус улсын оюун санааны удирдагч, хамгийн өндөр эрх мэдэлтэн юм.

Тэрбээр зэвсэгт хүчний ерөнхий командлагч бөгөөд бүх асуудлын эцсийн шийдвэрийг гаргадаг.

Өнөөдрийн мөргөлдөөн эхэлсний дараахан Хамени өөрийгөө гэнэт нас барж, залгамжлагчаа сонгож чадахгүй болсон тохиолдолд яаралтай хуралдаж шийдвэр гаргахыг Экспертүүдийн Зөвлөлд  даалгасан гэх мэдээлэл тараад байгаа.

Хамени одоо газар доор байрлах бункерт амьдарч, цахим харилцаа холбооны хэрэгслээс бүрэн татгалзаж, зөвхөн итгэлтэй хүмүүсээр дамжуулан командлагч нартайгаа харилцаж байгааг Нью-Йорк Таймс сонины эх сурвалж мэдээлжээ.

Түүний хаана байгаа нь тодорхойгүй байна. Сүүлийн үед Хамени тогтмол бус давтамжтайгаар Израилийг заналхийлсэн утгатай мэдэгдлийг ард иргэддээ тарааж байгаа юм.

 

Эх сурвалж: Associated Press