Энэ долоо хоногт Санкт Петербург хотод зохион байгуулагдсан олон улсын эдийн засгийн чуулганы үеэр Оросын засгийн газрын хэд хэдэн өндөр албан тушаалтан улс орных нь эдийн засаг хүндрэх эрсдэлтэй байгааг анхааруулсан билээ.
Тэгвэл Баасан гарагт уг чуулганд үг хэлэхдээ ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ямар ч тохиолдолд Оросын эдийн засаг унах, хямрах ёсгүйг анхааруулжээ.
Зарим мэргэжилтнүүд “зогсонги байдал, тэр ч байтугай эдийн засгийн хямралын эрсдэлийг анхааруулж байгаа” боловч “ямар ч тохиолдолд ийм зүйл болохыг бид зөвшөөрөх ёсгүй” гэж тэр хэлсэн байна.
“Бид чадварлаг, маш сайн бодож боловсруулсан төсөв, татвар, мөнгөний бодлого явуулах шаардлагатай” гэж Путин нэмж хэлжээ.
Тус улсын эдийн засгийн сайд Максим Решетников өмнөх өдөр нь Оросын эдийн засаг уналтын ирмэг дээр байгаа бөгөөд энэ нь мөнгөний бодлого ямар байхаас шийдэгдэхийг анхааруулж байв.
Оросын төв банкны ерөнхийлөгч Эльвира Набиуллина энэ өдөр бас сүүлийн хоёр жил эдийн засгийн өсөлтийг хангаж байсан нөөц шавхагдаж байгааг анхааруулсан юм.
Өнгөрсөн оны аравдугаар сард Оросын Төв Банк инфляцыг дарахын тулд бодлогын хүүг 2000-аад оны үеэс хойших хамгийн дээд түвшинд хүргэсэн.
Энэ сарын эхээр үүнийгээ нэг нэгж хувиар бууруулж, 20 хувьд хүргэсэн юм.
Эдийн засагчдын анхааруулгын хариуд Кремль сүүлийн хоёр жилийн хугацаанд Украины дайныг санхүүжүүлсний нөлөөгөөр үүссэн өсөлт удаашрах нь анхнаасаа ойлгомжтой байсан гэж тайлбарлаж байв.
Харин сая Путин батлан хамгаалах салбар нь эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болсныг няцаажээ.
“Мэдээж батлан хамгаалах салбарын үйлдвэрлэл чухал нөлөөтэй байсан. Гэхдээ санхүү, мэдээллийн технологийн салбарууд ч мөн адил үүрэг гүйцэтгэж байгаа” гэж тэр тайлбарласан байна.
Путин улс орных нь эдийн засагт “тэнцвэртэй өсөлт” хэрэгтэйг онцлоод “манай бүх салбаруудын, тэр ч байтугай хувийн аж ахуйн нэгжүүдийн эдийн засгийн эрүүл саруул байдлыг анхааралтай ажиглаж байх”-ыг өөрийн албаны хүмүүст уриалжээ.
Баасан гарагт засгийн газрын шадар сайд Александр Новак бодлогын хүүг бууруулж, эдийн засгийг идэвхжүүлэх цаг болсныг анхааруулсан байна.
Оросын хамгийн том банк Сбербанкны гүйцэтгэх захирал Герман Греф бас бодлогын хүүг хурдтай бууруулж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжихийг энэ өдөр уриалжээ.
Санкт Петербургийн чуулганыг Путин тус улсын эдийн засаг Өрнөдийн хориг арга хэмжээнээс хамааралгүйгээр өсөн дэвжиж байгааг харуулахыг зорьдог. Энэ жилийн чуулганд Өрнөдийн компаниудын оролцоо маш бага, Ази, Африк, Латин Америкийн орнуудын төлөөлөл голлож байлаа.
Үнэхээр ч 2022 оноос хойш Оросын эдийн засаг төсөөлж байснаас сайн байгаа. Гэхдээ үүнийг Украины дайнтай холбоотой батлан хамгаалах салбарын зардал голлон хангаж байгаа гэж ажиглагчид үздэг.
Тиймээс урт хугацаандаа инфляц болон гадаадын хөрөнгө оруулалтын хомсдол Оросын эдийн засагт аюул учруулна гэж үзэж байна.
Гэвч Путин батлан хамгаалах салбарын өсөлт иргэний бусад салбаруудыг дагуулснаар нийт эдийн засгийн өсөлтийг хангана гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
Ингэхдээ тэр Украины дайнаас суралцсан зүйл дээрээ үндэслэн батлан хамгаалах салбарын орчин үеийн технологиудыг хөгжүүлэх нь бусад салбаруудад боломж олгохоос гадна олон улсын хамтын ажиллагааг сайжруулахыг амласан байна.
“Бид Оросын зэвсэгт хүчний байлдах чадварыг сайжруулах, цэргийн дэд бүтцийн байгууламжуудыг шинэчлэх, хамгийн сүүлийн үеийн технологи, зэвсэг техникийг хөгжүүлэх чиглэлд ажиллах болно. Үүнтэй зэрэгцэн бид найрсаг харилцаатай улс орнуудтай энэ чиглэлд хамтын ажиллагаагаа хөгжүүлэх бодолтой байна. Зөвхөн зэвсэг техникийн чиглэлд биш, бүтээн байгуулалт, боловсон хүчний сургалт, аж үйлдвэрийн салбаруудад хамтран ажиллах талаар ярилцаж байгаа” гэж тэр хэлжээ.
Эх сурвалж: Aljazeera
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!