Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/20-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Тавинбэх: ОХУ-ын элчин сайд турбин генератор засварлах санал тавьсан. Бид албан ёсны уулзалт зохион байгуулахаар ГХЯ-д хандсан

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 6 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр болж, “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг хэлэлцсэн байна. 

Энэ талаар Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх мэдээлэл өглөө. Тэрбээр "ДЦС-3 дээр болсон осолтой холбогдуулан Засгийн газар шуурхай арга хэмжээ авсан. 

Салбарын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, онцгой дэглэм тогтоосон. Хуулийн дагуу онцгой дэглэм тогтоосон газар бүрэн эрхт төлөөлөгч томилдог. Миний биеийг тус станцын бүрэн эрхт төлөөлөгчөөр томилсон тогтоолыг өнөөдөр гардан авна. 

Гэмтсэн тоног төхөөрөмжийг дандаа импортоор худалдан авдаг. Засгийн газар болон яам дээр байгуулагдсан ажлын хэсгүүд яг энэ төрлийн үйлдвэрлэл, угсралтын ажил хийдэг гурван орны 11 компанид хүсэлт явуулсан. Турбин генератор ямар үнэтэй, хэр хугацаатай тээвэрлэх, барилга угсралтын ажлын хөлс хэд байх талаар санал ирүүлээч гэсэн. Одоогоор хараахан санал ирээгүй байна. 

Улаанбаатар хотын хэмжээнд цахилгааны чадлын дутагдалд орсон учраас хамгийн богино хэмжээнд тоног төхөөрөмж нийлүүлэх компанитай хамтарч ажиллана. Салбар үнэ тарифаас болоод алдагдалтай ажиллаж байгаа. Үнэ нэмсэн боловч хангалттай хэмжээний орлого олоогүй. Саяхан ДЦС-3 дээр болсон аваарт их хэмжээний нэмэлт санхүүжүүлэлт хэрэгтэй. Санхүүжүүлэлтийг Засгийн газар шуурхай шийдвэрлэвэл богино хугацаанд хэвийн горимд орох боломжтой. Би ажлаа хүлээж аваад дэлгэрэнгүй мэдээлэл өгнө" гэв. 

Түүнчлэн сэтгүүлчдийн зүгээс "ОХУ-аас турбин генератор засварлах санал ирүүлсэн байна. Манайхаас ямар нэгэн хариу өгсөн үү" хэмээн асуув. Тэрбээр сэтгүүлчдийн асуултад "ОХУ-аас Монгол Улсад суугаа бүрэн эрхт элчин сайд тийм мэдээлэл өгсөн. Бид албан ёсны уулзалт зохион байгуулахаар Гадаад харилцааны яаманд хандсан" хэмээн хариуллаа.