Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/19-НД НИЙТЛЭГДСЭН

Зөвхөн Америкийн бөмбөгөөр устах боломжтой Ираны нууц байгууламжийн тухай

Т.Давааням, ikon.mn
2025 оны 6 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Уулын доогуур, газрын гүнд байрладаг Фордо судалгааны төв

Иран улсын өмнөд хэсэгт оршдог судалгааны нууц байгууламж бол Тегераны эрх баригчдын цөмийн хөтөлбөрийн гол зүрх юм. Израиль улс үүнийг устгахыг оролдсон ч чадахгүй байгаа.

Учир нь Фордо нэртэй энэ байгууламж уулын дор газрын гүнд байрладаг тул Израилийн зэвсэг хүрэх боломжгүй.

Их Британи, Францыг далай доогуур холбодог Channel Tunnel хонгилоос ч гүнд энэ байгууламж оршдог юм.

Фордог устгах хэмжээний хүчтэй бөмбөг зөвхөн АНУ-д байдаг.

Нийслэл Тегеран хотоос өмнө зүгт 96 км зайд оршдог Фордод уран баяжуулах үйл ажиллагаа явуулдаг.

Исламын Хувьсгалт Гвардийн ашигладаг хонгилууд энд анх байсан бол сүүлд Өрнөдийн тагнуулын албад илрүүлсний дараа 2009 онд Иран улс энд уран баяжуулдаг болсноо хүлээн зөвшөөрч байв.

Фордог устгахын тулд газрын гүнд нэвтрэх чадвартай зэвсэг хэрэгтэй. Одоогоор Израиль улсыг 10 хүртэл метрийн гүнд цохилт өгөх чадвартай зэвсэгтэй гэдэг.

Харин АНУ-ын зэвсэглэлд байгаа 13,000кг жинтэй GBU-57 MOP (Massive Ordinance Penetrator) буюу “бункер дэлбэлэгч” хэмээх бөмбөг үүнийг устгаж чадах юм.

зураг
 
MOP буюу бункер дэлбэлэгч бөмбөг

Судлаачдын баталж байгаагаар уг бөмбөг төмөр бетон байгууламжид 18 метр, газрын хэвлийд 61 метр хүртэл гүн нэвтэрсний дараа дэлбэрэх чадвартай гэнэ.

Гэхдээ Фордогийн гол хонгил газраас 80-90 метрийн гүнд байрладаг тул MOP түүнийг устгаж чадах бүрэн баталгаа байхгүй.

Ираны цөмийн бусад байгууламжууд үүнээс бага гүнд байрладаг.

Тухайлбал 20 метрийн гүнд байрладаг Натанзын байгууламжид Израилийн арми хэдийнээ цохилт өгсөн бөгөөд “бүрэн сүйрүүлээгүй, ноцтой гэмтээсэн” гэх мэдээлэл ирж байгаа.

MOP-ийн цохилт Фордог сүйрүүлж чадах эсэх нь уг байгууламжийн бат бэх чанараас шалтгаална гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Пентагон MOP-ийг ашиглаж болзошгүйг харуулсан нэг шинж тэмдэг нь стратегийн бөмбөгдөгч B-2 нисэх онгоцнуудаа Ираны хилээс өмнө зүгт 3,700 км зайд Энэтхэгийн далайд оршдог Диего Гариса баазад байрлуулсан явдал юм.

Радарын системд мэдэгдэлгүй нисэх чадвартай B-2 онгоцны туулах зай үүнээс урт байдаг.

6.2 метр урт MOP бөмбөгийг тээвэрлэх чадвартай АНУ-ын цорын ганц онгоц B-2 юм.

Дөрөвдүгээр сарын эхээр Диего Гарсиа баазад зургаан ширхэг ийм онгоц байрлаж байгаа нь хиймэл дагуулын зургаас харагдаж байжээ. Харин сүүлийн үед авсан зурагт харагдахгүй болсон байна.

 

Эх сурвалж: BBC