Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/19-НД НИЙТЛЭГДСЭН

Иранд довтлохгүй байхыг Орос улс АНУ-аас хүсжээ

Т.Давааням, ikon.mn
2025 оны 6 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Ойрх Дорнодын тогтвортой байдалд ноцтой аюул учруулах тул Иран улсад довтлохгүй байхыг АНУ-аас хүссэнээ ОХУ-ын гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков өчигдөр мэдээлжээ.

Орос улсын хувьд энэ оны нэгдүгээр сард Иран улстай стратегийн түншлэлийн гэрээ байгуулсан юм. Хэдийгээр Украины дайнаас үүдэлтэй нөхцөл байдал муудсан ч Израиль улстай харилцаатай хэвээр байгаа.

Саяхан Москвагийн эрх баригчид Израиль-Ираны мөргөлдөөнд зуучлах санал гаргасныг одоогоор талууд хүлээж аваагүй байна.

Санкт Петербург хотод үргэлжилж буй эдийн засгийн чуулганы үеэр Рябков үг хэлэхдээ Москва уг мөргөлдөөнд шууд оролцохгүй байхыг Вашингтонд уриалсан талаар мэдээлжээ.

“Ингэвэл нөхцөл байдлыг бүхэлд нь тогтворгүй болгох алхам болно” гэж тэр хэлсэн байна.

Оросын бусад албаны эх сурвалжууд ч бас сүүлийн өдрүүдэд Ираны дэглэмд санаа зовж байгаагаа янз бүрээр илэрхийлэх болсон.

Тухайлбал Израиль-Ираны нөхцөл байдал ноцтой хэмжээнд хүрснийг ОХУ-ын гадаад тагнуулын  албаны дарга Сергей Нарышкин саяхан мэдэгдсэн бол ОХУ-ын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова дэлхий сүйрэхэд “миллиметрийн зайд” хүрээд байгааг анхааруулсан юм.

“Цөмийн байгууламж цохилтод өртлөө. Дэлхий нийт яагаад үүнд анхаарахгүй байна вэ? Байгаль орчны хамгаалагчид хаана байна вэ? Тэд өөрсдийгөө хол байгаа, цацраг идэвхийн долгион хүрэхгүй гэж бодож байгаа юм уу. Фүкүшимад юу болсныг уншаарай!” гэж Захарова анхааруулжээ.

Хэдийгээр хоёр улс батлан хамгаалах салбарт нягт хамтран ажилладаг ч нэгдүгээр сард ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Ираны ерөнхийлөгч Масуд Пезешкян нарын байгуулсан 20 жилийн стратегийн түншлэлийн гэрээнд харилцан нэгэндээ цэргийн тусламж үзүүлэх үүрэг хүлээгээгүй юм.

Оросын эрх баригчдын хувьд Иранд санаа зовох шалтгаан бий. Өнгөрсөн оны сүүлээр тус улс Ойрх Дорнод дахь нэг чухал түнш болох Сирийн Башар аль-Ассадыг алдсан. Одоо Тегераны дэглэм нурвал Москвад асар том хохирол болох юм.

Путин өнгөрсөн Бямба гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай утсаар ярихдаа сөргөлдөгч талуудыг яриа хэлэлцээнд зуучлах санал тавьсан байна.

Трамп түүний саналд нээлттэй байгаагаа илэрхийлжээ.

Нөгөө талаар Израиль-Ираны мөргөлдөөн Москвад ашигтай байх шалтгаанууд бий. Тухайлбал Ойрх Дорнодын энэ мөргөлдөөн газрын тосны үнийг хөөрөгдөх нь Оросын эдийн засагт ашигтай. Бас Украинд явуулж буй дайн нь дэлхий нийтийн анхаарлын төвөөс холдох юм.

 

Эх сурвалж: Reuters