Шатахуун борлуулагч компаниуд өнгөрөгч Баасан гарагаас АИ92 автобензиний үнийг 200 төгрөгөөр нэмсэн. Салбарын сайдаас шатахууны үнийн нэмэгдлийн талаар тодрууллаа.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан “Засгийн газар, шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүд болон Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын төлөөллүүд багтсан Үнийн зөвлөл гэж байдаг. Энэ зөвлөл тавдугаар сарын 5-нд уулзаад 25-нд дахин уулзаж, нөхцөл байдлаа ярилцъя гэдэг шийдвэртэй байсан боловч нефтийн бүтээгдэхүүн импортлогч компаниуд энэ шийдвэрээсээ буцаж гэнэт үнээ нэмсэн.
Үүнтэй холбогдуулан яамны зүгээс мэдэгдэл гаргасан. Уг мэдэгдэлд манай импортолж байгаа шатахууны үнэ цаанаа нэмэгдээгүй дээрээс нь дизель түлшний үнэ тонн тутамдаа 100 ам.доллароор буурсан. Ийм нөхцөлд бензиний үнийг нэмж болохгүй гэсэн байгаа. Энэ асуудлыг хариуцсан газрын дарга нар маань ажиллаж байгаа.
Харин импортлогч компаниуд үнэ нэмэх болсноо валютын ханш өссөнтэй холбон тайлбарлаж байгаа. Үүнд нь бидний зүгээс яагаад бусад төрлийн шатахууны үнийг нэмэлгүй зөвхөн АИ92 автобензиний үнийг нэмж байгаа юм бэ гэдэг асуудлыг тавиад байгаа.
Өнөөдөр энэ асуудлаар Үнийн зөвлөл уулзалт хийнэ.
Надад ирсэн мэдээллээр “Шунхлай” компаниас эхлээд АИ92 автобензинээс бусад төрлийн шатахууны үнийг 200 төгрөгөөс буулгасан гэсэн.
Энэ асуудалд төрийн зүгээс шууд авч хэрэгжүүлэх арга зам хомс. Зөвшилцөл байдлаар асуудлыг шийддэг. Иргэдээс ирж байгаа санал гомдлын мөрөөр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт хандсан байгаа.
Улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулаад нефть импортлогч компаниуд жаахан хүлээцтэй байж болох л байсан" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
52 СЭТГЭГДЭЛТЭЙ
|