Солонгосын дайнд оролцож байсан Нидерландын иргэнийг Бусан хотод оршуулна

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 4 сарын 28
iKon.MN
Зураг зураг

1950-1953 онуудад үргэлжилсэн Солонгосын дайны оролцогч, Нидерланд улсын иргэнийг энэ долоо хоногт Бусан хотод оршуулахаар болсныг Өмнөд Солонгосын ахмад дайчдын хэрэг эрхлэх яам өнөөдөр өглөө мэдээлжээ.

Ахмад дайчин Йоханнес Хорстманы шарил маргааш буюу Мягмар гарагт Инчоны олон улсын нисэх буудалд газардах юм байна.

Лхагва гарагт түүнийг Сөүлээс зүүн өмнө зүгт 320 км зайтай оршдог Бусан хотын НҮБ-ын дурсгалын цогцолборт оршуулахаар төлөвлөжээ.

Нэгдүгээр зэргийн байлдагч Хорстман 1952 онд 21 настайдаа Нидерландын армийн Ван Хойцын ангийн бүрэлдэхүүнд багтан Өмнөд Солонгост ирж байсан юм байна.

зураг
 
Йоханнес Хорстман

Тэрбээр 2015 онд Солонгосын дайны ахмад дайчдад зориулсан хөтөлбөрийн хүрээнд Өмнөд Солонгост дахин ирэхдээ Бусанд оршуулуулах хүсэлтээ Нидерландаас Өмнөд Солонгост, Өмнөд Солонгосоос Нидерландад суух элчин сайд нарт бичгээр гаргаж байжээ.

Хорстман өнгөрсөн оны долдугаар сард нас барсан юм байна.

Солонгосын дайнд Өмнөд Солонгосын талд туслахаар цэргийн хүчээ илгээж байсан дэлхийн 22 улсын нэг Нидерланд байжээ.

Энэ дайнд Нидерландын 5,000 гаруй цэрэг оролцсоноос 124 нь амь үрэгдсэн гэх албан ёсны тоо баримт байдаг.

Хорстман нь Бусаны НҮБ-ын дурсгалын цогцолборт оршуулагдсан гадаадын 30 дахь ахмад дайчин болох ажээ.

 

Эх сурвалж: Yonhap News