Уншиж байна ...

Германы батлан хамгаалахын сайд Украин улс газар нутгаа алдах нөхцөлтэй гэрээг хүлээн зөвшөөрөх ёсгүйг анхааруулав

Т.Давааням, ikon.mn
2025 оны 4 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Украины тал гал зогсоох гэрээг ОХУ-тай байгуулахын тулд эзлэгдсэн газар нутгаа алдах нөхцөлийг хүлээн зөвшөөрөх ёсгүйг Герман улсын батлан хамгаалахын сайд өчигдөр анхааруулжээ.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Орос, Украины хооронд гал зогсоох гэрээ байгуулагдахад “тун ойрхон” болсныг хэлж байв.

Эх сурвалжууд Украин улс Крымийг оролцуулаад эзлэгдсэн нутаг дэвсгэрийнхээ үлэмж хэсгийг Оросын хяналтад үлдээхийг зөвшөөрөх нөхцөл уг гэрээний саналд тусгагдсан тухай мэдээлж байгаа.

2014 онд хууль бус замаар Оросын хяналтад шилжсэн Крымийн хойгийг алдах хүсэлгүй байгаагаа Украины ерөнхийлөгч Володимир Зеленский өнгөрсөн долоо хоногт илэрхийлж байв.

Тэгвэл өчигдөр буюу Ням гарагт ARD олон нийтийн телевизийн сувгаар ярихдаа Германы батлан хамгаалахын сайд Борис Писториус “Киевийн эрх баригчид гал зогсоохын тулд зарим газар нутгаасаа татгалзах болж магадгүйг ойлгож байгаа. Гэхдээ Америкийн ерөнхийлөгчийн сүүлийн саналд тусгасан шиг хэтрүүлж болохгүй” гэж хэлжээ.

“Украин жилийн өмнө байсан ч ийм саналыг бууж өгснөөс ялгаагүй гэж үзэх байсан. Би өнгөрсөн хугацаанд юу өөрчлөгдсөнийг олж харахгүй байна” гэж Писториус цааш нь ярьсан юм.

Трампын саналд Крымийн хойг болон хэсэгчлэн эзлэгдсэн Донецк, Луганск, Херсон, Запорожье мужуудын газар нутаг дахь Оросын хяналтыг хүлээн зөвшөөрөх нөхцөл тусгагдсан гэлцэж байна.

Харин Украин болон Европын холбоотнууд зөвхөн урьдчилсан нөхцөлгүйгээр гал зогсоох гэрээ байгуулсны дараа эзлэгдсэн газар нутгийн хувь заяаг хэлэлцэх сөрөг санал дэвшүүлсэн бололтой.

Трампын саналд бас Украин улсыг НАТО-д элсүүлэх санаанаас бүрмөсөн татгалзах, гал зогсоох гэрээ байгуулагдсаны дараа Их Британи, Францын тэргүүлсэн эвсэл АНУ-ын оролцоогүйгээр Украины аюулгүй байдалд баталгаа өгөх нөхцөл тусгагдсан гэлцэж байна.

Харин Европын холбоотнууд Украин дахин халдлагад өртвөл туслах амлалтыг АНУ-аар гаргуулах хүсэлтэй байгаа гэнэ.

Эдгээрээс гадна Трампын саналд Запорожийн атомын цахилгаан станцыг АНУ-ын мэдэлд шилжүүлж, эндээс Украин, Оросын аль алийг нь эрчим хүчээр хангах нөхцөл тусгагдсан байна.

Харин Украин, Европын холбоотнуудын сөрөг саналд Оросыг эрчим хүчээр хангах асуудал тусгагдаагүй байгаа ажээ.

 

Эх сурвалж: BBC