Уншиж байна ...

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Польш Улсад төрийн айлчлал хийнэ

А.Төгөлдөр, iKon.mn
2025 оны 3 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дудагийн урилгаар 2025 оны гуравдугаар сарын 13-14-ний өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийх гэж байна.

Энэ онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиолдож байгаа бөгөөд Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд Бүгд Найрамдах Польш Улсад 12 жилийн дараа хийх айлчлал юм.

Хоёр улсын төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд мэдээлэл өгнө. Ерөнхийлөгч мөн Польшийн Парламент, Засгийн тэргүүн нартай уулзана.

Айлчлалаар уламжлалт, найрсаг харилцааны түвшнийг ахиулахын зэрэгцээ эрүүл мэнд, хөдөө аж ахуй, боловсрол, шинжлэх ухаан, палеонтологи, археологи, хэвлэл мэдээлэл, соёл, кино урлаг зэрэг чиглэлээр хамтын ажиллагааны 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байна.

Түүнчлэн Варшав хотноо Морин хуур найрал хөгжмийн тоглолт, бизнес форум зохион байгуулна.

Ташрамд дурдахад, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павелын урилгаар гуравдугаар сарын 9-12-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийх бөгөөд үргэлжлүүлэн Бүгд Найрамдах Польш улсад айлчлах юм байна.