Уншиж байна ...

Нийслэл хотын халиа тошин үүссэн байршлуудад суваг татаж, 2,500 тонн мөсийг зөөжээ

Б.Манлай
3 цаг 0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хотод 2024 оны зун олон жилийн дунджаас их хур тунадас орсны улмаас энэ өвөл нийслэлийн хэмжээнд таван дүүргийн 37 хорооны 46 байршилд халиа тошин үүсжээ.

Эдгээр байршилд нийслэл, дүүргийн холбогдох мэргэжлийн байгууллагын давхардсан тоогоор 256 ажилтан албан хаагч, 113 техник хэрэгсэлтэй гараар болон тусгай зориулалтын механизмаар 47,487 метр.куб суваг шуудуу татаж, 2,500 тонн мөсийг гаргаж тээвэрлэх, далан босгосон бол 110 айл өрхийг ус, мөсөнд автах эрсдэлээс урьдчилан сэргийлж, 93 айл өрхийн газрыг чөлөөлүүлэх, нүүлгэн шилжүүлэх дүгнэлтийг гаргасан байна.

зураг
 

Өнөөдрийн байдлаар ГУББГ-аас Чингэлтэй дүүрэгт байрлах Дэнжийн мянгын нэгдүгээр суваг, Дэнжийн мянгын гуравдугаар суваг болон Сонгинохайрхан дүүрэгт байрлах халиа тошин үүссэн байршилд тус тус ажиллаж байгаа аж.

Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Дэнжийн мянгын нэгдүгээр сувгийн халиа тошингийн нөхцөл байдлын талаар ГУББГ-ын Засвар ашиглалтын албаны дарга Ж.Батдорж “Дээрх байршилд 2024 оны арванхоёрдугаар сарын 27-ноос эхлэн өдөр бүр халиа тошингоос үүссэн цас, мөсийг цэвэрлэж, зөөж тээвэрлэх, суваг шуудуу гаргах ажлыг хийж гүйцэтгэж байна.

Дэнжийн мянгын нэгдүгээр сувгийн хувьд жилийн дөрвөн улиралд урсацтай хоёр булаг ундардаг. Тиймээс жил бүр халиа тошин халихаас сэргийлсэн арга хэмжээг зохион байгуулдаг.

Өнөөдрийн байдлаар халиа тошинг авто зам руу халихаас сэргийлж 400-500 метр суваг татаж, сувгийн гарцыг өдөр бүр сэргээн татаж байна” гэлээ.

зураг
 

Харин Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо Баян-Уулын гудамжинд 1,200 метр суваг татаж, айл өрх рүү хөрсний ус нэвчихээс хамгаалж ажиллаж байгааг мэдээллээ.