ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/14-НД НИЙТЛЭГДСЭН

Жуулчдыг татах үлгэрийн хот

Л.Оюунгэрэл, Өдрийн шуудан
2014 оны 1 сарын 14
Өдрийн шуудан
Зураг зураг
Манжуур хот

Нэгэн цагт Манж чин нэрээр Монголыг дарангуйлж байсан энэ харгис хэрцгий улс үгүй болсноос хойш үлдсэн газар нутгийг нь Манжуур хэмээн нэрлэж, Хятадын харьяаны жижигхэн аймаг болгосон түүх бий.

Тэгвэл өдгөө тэр жижиг хот танигдахын аргагүй болтлоо өөрчлөгдөж, Монгол, Орос, Хятад гурван улсын хилийн зааг дээр орших давуу талаа ашиглан худалдааны томоохон чөлөөт бүс бас гайхамшигт “Үлгэрийн хот" нэрээрээ жуулчдын очих дуртай тал нутаг болжээ.

Хятадын хот байтлаа Орос маягийн хийцтэй нэгэн жигд барьсан байшин, гоёмсог сүмийн барилга, орчин цагийн өнгө төрхтэй орон сууцны хороолол, гэгээ тасрах үед хотыг тэр чигт нь гэрэлтүүлэх гэрлэн чимэглэлийг хараад хэнд ч гэсэн өөрийн эрхгүй дахин ирэх хүсэл төрмөөр тийм нэг хот энд сүндэрлэж байна.

Хөтөчийн маань өгүүлснээр энэ нутагт монгол, орос, хятадууд ч бус өөр орноос жуулчид зорьж очдог бөгөөд жилдээ таваас зургаан сая орчим хүн ирдэг тухай сонирхуулан ярьсан. Бас энэ хот Оростой хиллэдэг, товчхондоо манайхны оросуудад зориулсан “Эрээн” учраас энд зардаг бараа таваар европ стандартад нийцсэн түүнийгээ дагаад чанар гэдэг янзтай гэдгийг Өвөрмонгол хөтөч өгүүлсэн юм.

Мөн тэрбээр “Монголчуудын өмсөх гээд шуураад байдаг булган шуба, орос маягийн хийцтэй гутлууд Улаанбаатарын лангуун дээрхээс хэд дахин хямд үнэтэй байдаг гэсэн.

Тэгэхдээ энд монголчууд цөөн ирдэг. Харин Улаанбаатараас онгоц буудаг болсноос хойш олон монгол ирж байгаа. Одоо бүр нэмэгдэх байх” гэж ярих нь сонирхолтой.

Үнэхээр ч манай Дорнод аймгийн төвөөс машинаар явахад өдрийн газарт орших Манжуурыг зорих монголчууд энд “Хүннү айр” компанийнхан нислэг хийж эхлэхээс өмнө цөөхөн ирдэг байсан аж.

Улаанбаатараас Дорнод, Дорнодоос Манжуур гээд тооцвол хоёр өдрийн ажлаа алддаг, зам эвгүй үед түүнээс ч удаж байж Манжуурт хөл тавьдаг учраас зорьсон нэг нь л явдаг байсан гэнэ. Харин өнгөрсөн оны аравдугаар сараас “Хүннү айр” компани Улаанбаатар-Дорнод-Манжуур, өнгөрсөн амралтын өдрүүдээс Улаанбаатар-Манжуурын чиглэлд шууд нислэг үйлдэж эхэлснээр хойш энэ нутгийг зорих монголчуудын тоо ихэсч “нэг сумаар хоёр туулай буудах” боломж нээгдсэн гэдгийг тодотгомоор байгаа юм.

Энд бяцхан тайлбар хийхэд “хоёр туулай” гэдэг нь нэгдүгээрт Манжуур бол яах аргагүй аялал жуулчлалын томоохон бүс.

Тиймээс Манжуурыг зорьсон монголчууд жилд таваас зургаан сая жуулчны үздэг түүх, соёлын дурсгалт газруудаас гадна хүний гараар бүтсэн гайхамшгуудыг үзэх боломжтой. Хоёрдугаарт гурван улсыг холбосон худалдааны төв гэдэг утгаар нь эндээс боломжийн үнээр чанартай бараа бүтээгдэхүүн авах завшаан олдож байгаа юм.

Иймээс бид цуврал сурвалжлагынхаа эхлэлийг Манжуурын жуулчдыг татдаг нууцаас уншигчдадаа бага ч гэсэн хуваалцахыг хүслээ.

Улаанбаатараас Дорнод, Дорнодоос Манжуур чиглэсэн бидний аяллын нислэг энэ сарын 6-нд “Чингис хаан” Олон улсын нисэх буудлаас 11:10 цагт хөөрснөөр эхэлсэн юм. Өнгөрсөн оны аравдугаар сараас Улаанбаатар-Дорнод-Манжуурын чиглэлд нислэг үйлдэж эхэлсэн гэхэд зорчигч харин ч их байв. Нисэх багийнхан зорчигчдоо бүртгэж, “Фокер-50” онгоцонд суух үед сул суудал бараг л үлдсэнгүй.

Түүнчлэн зорчигчдын олонхи нь Хятад, Өвөрмонгол харин цөөн тооны монгол иргэн байв. Бид цаг гаруй нисээд Дорнодын Нисэх онгоцны буудалд газардаж, тэндээ хил, гаалийн хяналтын бүст шалгуулаад Манжуурыг зорьсон.

Онгоцноос буумагц тосч авсан эрхэм бол “Хүннү айр” компанийн Манжуур Дайлаар дахь төлөөлөгч Г.Төрболд.Тэрбээр биднийг угтаж авсан даруйдаа Алмааз нэртэй Өвөрмонгол залууг танилцуулж “Энэ бол та хоёрын хөтөч.

Манжуурыг танилцуулна. Энэ нутагт яагаад ийм олон жуулчин ирдэг болсон шалтгааныг наад хүн чинь хэлээд өгнө. Та бүхэнд бас танай сонины уншигчдад цаашлаад энэ нутгийг зорих хүсэлтэй хүмүүст сонирхолтой байх болов уу” хэмээсэн юм. Ингээд бидний Манжууртай танилцах аялал эхэлсэн. Юун түрүүнд хөтөч маань “Хятадын энэ бүс нутаг бол дэлхийн хаана ч байхгүй тал нутаг. Энэ их талыг үзэх гэж жуулчид манайхыг зорьж ирдэг.

Манжуур бол Хөлөнбуйрын гэх их талд байдаг хот” хэмээн ярьсаар Орос Хятадын хилийн бүст ирсэн юм. Хятадуудын оросуудад зориулсан боомт 24 цагийн турш нээлттэй байдаг юм байна. Хилийн бүст хаалга хэлбэртэй том барилга босгож түүний наана нь нэг давхар шилэн барилгуудыг эгнүүлэн барьжээ.

Юун байшин болохыг асуувал оросуудад зориулсан бэлэг дурсгалын зүйлс зардаг дэлгүүр гэнэ. Гэхдээ өвөл ажилладаггүй зун болохоор хаалгаа нээдэг. Зундаа энэ гудамжаар дүүрэн жуулчид байдаг хэмээн сонирхуулан ярив. Мөн тэрбээр ‘Тэндээс Орос орныг дурандаж болно. Даан ч одоо ажиллахгүй.

Та нар хардаа Орос Хятадын хилийн боомт хэдхэн метрийн зайд байгаа биз дээ” гэв. Үнэхээр ч Хятадын хилийн постын цаана “Россия” гэсэн бичиг харагдах бөгөөд түүний голд цэргүүд нааш цааш холхиж харагдсан.

Түүнчлэн энд ирсэн жуулчид хилийн баганын дэргэд зургаа заавал татуулдаг тухай сонирхуулсан юм. Мөн хоёр улсын хилийн бүст манай хотын захиргааны хуучин байшингаас нэг их ялгаагүй хоёр давхар цагаан байшин байна.

Энэ нь оросуудад зориулсан амралтын бүс бөгөөд машинтайгаа хил давж орж ирсэн оросууд энд тухлан үндэснийхээ хоолыг идээд, өөрсдийнхөө дууг сонсч бэлэг дурсгалын зүйлээ худалдаж аваад явдаг хэмээв.

Гэхдээ энэ байшингийн эзэд нь хятад хүмүүс байдаг аж. Эндээс харахад хятадууд хаана ч газардахгүй, ямар ч зүйлийг мөнгө болгож чаддаг нь харагдаж байгаа юм.

Манжуурт ирсэн жуулчдын бас нэг очдог газар нь Матрешкан талбай. Холоос харахад томоос том матрешка. Ойртоод харвал таван давхар матрешкан байшин. Харин түүнийг тойроод янз бүрийн зурагтай жижиг матрешкануудаас гадна янз бүрийн хэлбэр дүрстэй хөшөө байх юм билээ. Энэ талбайд оросуудаас гадна гадныхан ирж, зураг хөргөө татуулах мөн таван давхар матрешкан байшин байдаг ресторанаар мөн л бэлэг дурсгалын худалдаж аваад явдаг гэж байв.

Мөн энэ талбайд арван хоёр жилийн хөшөө байх жуулчид өөр төрсөн жилийн өмнө татуулдаг гэдгийг хэлж Энэ бол Манжуурт очих очоод заавал үзэх ёстой газрын нэг. Түүнчлэн Манжуурт очих дуртай бас нэг газар нь залуусын хуримаа хийдэг сүм. Орос маягийн загвартай тэр сүмд манжуурын залуус хийх сонирхолтой болсон Зөвхөн гэрлэлтээ гарахын хооронд монгол мөнгөөр ойролцоогоор зургаан сая орчим төгрөг төлдөг гэнэ.

Энэ сүм хотоос зайдуухан толгодын дээр байх бөгөөд эндээс Манжуур гайхалтай харагддаг юм билээ. Энд нэг зүйлийг онцлоход Манжуурын гэрлэн чимэглэл үнэхээр "тасарчихсан".

Орос маягийн нэг загварын байшинг нэг өнгө шийдлээр гэрэлтүүлсэн нь энэ хотын бас нэг имиж. Хэрэв уншигчид санаж буй бол манай хотын удирдлагууд хаанаас ч билээ туршлага судлан Чингисийн талбай тойрсон байшингуудад гэрэлтүүлэг хийсэн хэмээж байсан.

Гэтэл манайхны өчнөөн их зардал гаргаад хийсэн гэрэлтүүлгийг энд хэд дахин илүү гоё бас хялбархан шийдэж чадсаныг харж болохоор байгаа юм.

Энэ нутгийг арслан зааны өлгий нутаг гэдэг юм байна. Учир нь Манжуураас 32 км-ийн цаана байх Залаануурын орчмоос тугалаа дагуулсан арслан зааны яс олдож байсан юм байна. Иймээс хятадууд энэ бүс нутгийг хөгжүүлэх бас нэг гол түлхүүрийг эх хүү хоёрын яс олдсон тэр хэсэг газрыг хэмээн онилжээ. Нутгийн иргэдийн өгүүлснээр Залаануур бол хятадын асар их нөөцтэй орд газар.

Энэ ч утгаараа малтлаг хийж байх үед томоохон жалга/ судаг/-аас эх хүүхоёрын араг ясыг олсон бөгөөд эрдэмтэд “Энүүгээр арслан зааны сүрэг явж байх үед эх нь ангалын завсар унаад гарч чадаагүй. Эхийгээ харсан тугал нь сүргээ дагаж явахгүй тойрч гүйж мөн л унаж улмаар олон жилийн дараа яс нь тэр чигтээ хадгалагдан үлдсэн” хэмээн тайлбарладаг юм байна.

Яг энэ цэцэрлэгт хүрээлэнд арслан зааны түүхийг өгүүлсэн музей, хиймэл нуур хүрлээр цутгасан арслан зааны хөшөө гээд хүний гараар бүтсэн гайхамшгууд нэг дор цогцолсон байна.

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг