Уншиж байна ...

"Маргааш болох Хүний эрхийн өдрөөр Ц.Лоохууз агсан мэндэлсний 100 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна"

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 12 сарын 9
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

1950-1960-аад онд Оросын талыг баримтлагчид болон Монголын талыг баримтлагчдын хоорондын тэмцэл Шинэ цагийн сэхээтнүүдийн хэлмэгдэл сэдвээр Цогт-Очирын Лоохууз сан, Монголын хэлмэгдэгсдийн холбооноос өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл өглөө.

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Цогт-Очирын Лоохууз сангийн төлөөлөгчид "60 жилийн өмнө намын эсрэг бүлэг нэрээр тухайн үеийн удирдлагуудын арга барилыг шүүмжилсэн олон хүнийг хэлмэгдүүлсэн.

Тэр шүүмжилсэн хүмүүсийн гол лидер нь Цогт-Очирын Лоохууз байлаа. Энэ их хүний мэндэлсний 100 жил, намын эсрэг бүлэг гэж хэлмэгдүүлсний 60 жилийн ой болж байна.

Гэхдээ намын эсрэг бүлэг гэж зүйл байгаагүй. Үүнийг тухайн үеийн төр засаг өөрсдөө зохион байгуулсан. Ц.Лоохууз тэргүүтэй иргэдийг намын эсрэг асуудал гаргалаа гэж хэлмэгдүүлсэн түүхтэй.

Хэлмэгдүүлэлт гэхээр манай залуучууд маш сайн ойлгох хэрэгтэй. Нэг талдаа хэлмэгдүүлэлт, нөгөө талд нь Монголын хувь заяа явж байдаг.

Өөрөөр хэлбэл үүнд өртсөн хүмүүс Монголынхоо хувь заяаны төлөө зөрчилдөөн үүссэн учраас хэлмэгдсэн байдаг юм. 

Ямар асуудлаас болоод хэлмэгдсэн нь ч тодорхой байдаг. Тодруулбал

  • 1957-1958 онд хилийн хэлэлцээр буюу гэрээ хийсэн байдаг. Энэ гэрээгээр монголчууд газар нутгаа алдсан. Үүнд тухайн үеийн сэхээтнүүд их эмзэглэж байсан юм. 
  • 1959 онд нэгдэлжих хөдөлгөөн ялсан. Иргэдийн малыг булааж аваад нэгдэл гэж байгуулагдаад эсэргүүцсэн хүнийг шоронд хийдэг байлаа. Үүнээс болоод малчид хөрөнгөгүй болсон.
  • Бид гадаадын хараат улс байсан. Зөвлөлт холбоот улсын колони улс байсан гэж хэлж болно. Зөвхөн 1921-1941 оны хооронд төр засгийн хүрээнд 169 удаа Монголын асуудлаар ярьж байсан баримт бий.
  • Мөн Оросын 16 дахь Бүгд Найрам Улс болгох санаархал байлаа.  

Эднийг эсэргүүцсэн хүмүүсийг "Намын эсрэг бүлэг" гэгч зохиомол бүлэг бий болгосон.Энэ сэхээтнүүдээ хэлмэгдүүлээд улс орны хөгжил 100 жилээр хоцорч байгааг бид нар харлаа" гэж ярилаа.

"Ийм нийгэм байсан гэдгийг бид дараагийн үедээ сануулж байх үүрэгтэй хүмүүс"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Мөн Ц.Лоохуузын бага хүү Л.Сантцэрэн "Маргааш буюу энэ сарын 10-нд болох Хүний эрхийн өдрөөр Ц.Лоохууз агсны мэндэлсний 100 жил, 1964 онд хуралдсан намын зургаадугаар их хурлын 60 жилийн ойг тохиолдуулан эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна.

Миний бие энэ хэлмэгдүүлэлт гэдэг зүйлтэй насаараа тэмцэж ирлээ. Ирээдүй хойч үедээ ийм зүйл мэдрүүлэхгүй, залуучууд маань таньж мэдрээсэй гэсэндээ ийм арга хэмжээг удаа дараа зохион байгуулж ирлээ.

Ийм хэцүү нийгмийг бид дараагийн үеийнхэндээ хэзээ ч хүлээн зөвшөөрч болохгүй гэдгийг дамжуулан хүргэх үүрэгтэй хүмүүс" гэж онцолсон юм.