Уншиж байна ...
Зураг
Зураг

Украины тал анх удаагаа Оросын хилийн орчимд Умард Солонгосын цэргүүдтэй тулгарснаа мэдээллээ

Т.Давааням, ikon.mn
2024 оны 11 сарын 5
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын Курск мужийн нутагт Умард Солонгосын цэргүүд рүү анх удаа довтолсноо Украины тал өчигдөр мэдээлжээ.

“Умард Солонгосын эхний цэргүүд Курск мужид анх удаа манай цохилтын бай боллоо” гэж Украины Худал Мэдээлэлтэй Тэмцэх Төвийн тэргүүн Андрей Коваленко өчигдөр Телеграм хуудсандаа бичсэн байна.

Тэрбээр үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй юм.

Украины гадаад хэргийн сайд Андрей Сибига өчигдөр Киев хотод айлчилсан Германы гадаад хэргийн сайд Анналена Баербоктой уулзахдаа Умард Солонгосын оролцооны эсрэг “шийдэмгий арга хэмжээ” авах талаар ярилцсанаа мэдээлжээ.

“БНАСАУ-ын цэргүүд Европын тусгаар тогтносон улсын эсрэг түрэмгий дайнд оролцож эхэлснийг хүлээн зөвшөөрөхийг бид Европын орнуудад уриалахаар тохиролцлоо” гэж тэр мэдэгдсэн байна.

Умард Солонгосын цэргүүд ОХУ-д ирсэн, Украины дайнд оролцож болзошгүй болсон тухай мэдээг сонсоод санаа зовж байгаагаа Ням гарагт НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш илэрхийлжээ.

Баасан гарагт Украины ерөнхийлөгч Володимир Зеленский мэдэгдэхдээ Умард Солонгосын цэргүүдийг бэлдэж байгаа сургалтын төвүүдийн байрлалыг мэдэж байгаа бөгөөд тэдгээрт урьдчилсан цохилт өгөх боломжтойгоо анхааруулсан юм.

Гэхдээ ингэхийн тулд Өрнөдийн түншүүдээс алсын тусгалын зэвсгийг нь ОХУ-ын газар нутгийн гүнд ашиглах зөвшөөрөл хэрэгтэйг хэлсэн байна.

“Гэвч Америк, Их Британи, Герман бүгд Умард Солонгосын цэргүүдийг Украинд түрүүлж халдахыг хүлээгээд сууж байна” гэж тэр холбоотнуудаа шүүмжилсэн юм.

Пүрэв гарагт АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен ойрын өдрүүдэд Умард Солонгосын цэргүүд Украины зэвсэгт хүчний эсрэг тулаанд орох төлөвтэй байгааг мэдэгдэж байв.

Умард Солонгос нь Иран улсын хамт Украины эсрэг явуулж буй Оросын эзлэн түрэмгийлэх дайны гол дэмжигч болоод байгаа.

Эхэндээ Пёняны эрх баригчид Оросын армид сум хэрэгсэл нийлүүлж байсан бол одоо цэргийн хүчээ илгээж эхлээд байна. Үүнийхээ хариуд тэд ОХУ-аас орчин үеийн зэвсгийн технологи авч байгаа гэсэн мэдээлэл бий.

 

Эх сурвалж: AFP