Нидерландын өмнөд хэсгийн Ойстервик хотын галерейгаас Энди Уорхолын “Reigning Queens” нэртэй цувралын хоёр бүтээл хулгайд алдагдсан тухай албаныхан өчигдөр мэдээлжээ.
MVP галерейн эзэн Марк Пит Виссер хулгайч нар “сонирхогчийн” гэмээр гэнэн тэнэг үйлдлүүд гаргасан талаар орон нутгийн телевизээр ярьсан байна.
Тухайлбал тэд галерейд нэвтрэхийн тулд дэндүү хүчтэй бөмбөг дэлбэлж, барилгыг бүхэлд нь нураах шахсан гэнэ.
Хэрвээ барилга нурсан бол дотроос нь авах бүтэн зураг үлдэхгүй байх байсныг тэр ярьжээ.
“Тэсрэх бөмбөг маш хүчтэй байснаас миний галерейн барилга бүхэлдээ сүйдсэн. Тэр байтугай зэргэлдээ дэлгүүрүүд ч хохирол амссан байна. Тэд энэ ажлаа дэндүү сайн хийжээ” гэж Виссер ярьсан юм.
Дараа нь хулгайч нар дөрвөн хатны хөргийг авч гараад машинд нь багтаагүй тул хоёрыг нь үлдээж, хоёрыг нь чихэж ачаад явсныг хяналтын камерын бичлэг харуулжээ.
“Тэд бүтээлүүдийг машиндаа ачих гэхэд багтаагүй байна. Чихэж ачсан хоёр хөргийн хүрээ эвдэрч, дахин засварлах аргагүй болсон” гэж Виссер ярьсан байна.
Ачиж явсан хоёр бүтээл нь Английн хатан хаан Элизабет II, Данийн хатан хаан Маргарет II нарын хөргүүд байжээ.
Харин гудамжинд үлдээсэн хоёр нь Нидерландын хатан хаан Беатрикс, эСватини улсын хатан хаан Нтфомби Твалагийн хөргүүд байсан байна.
Хэргийг шалгаж байгаа мөрдөгч Артур Бранд “Урлагийн бүтээл хулгайлахад тэсрэх бөмбөг ашигласан нь гайхмаар сонин юм. Урлагийн хулгайд ийм зүйл гараад байдаггүй” гэж ярьжээ.
Хулгайлагдсан бүтээлүүдийг туурвисан Энди Уорхол нь өнгөрсөн зууны хоёрдугаар хагасын поп урлагийн хөдөлгөөний том зүтгэлтэн юм.
Виссер алдагдсан бүтээлүүдийн үнийг тодорхой хэлээгүй байна.
Гэхдээ Беатрикс хатан хааны өөр нэг хөрөг 2021 онд Хааг хотод зохион байгуулагдсан дуудлага худалдаагаар $236,000-ын үнэ хүрч байжээ.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
13 СЭТГЭГДЭЛТЭЙ
|