Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/10/17-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Лхагвасүрэн: Хотын төвийн А бүсийн орон сууцанд олгох ипотекийн зээлийн хүүг 8-10% болговол эх үүсвэрийн хэмжээ нэмэгдэнэ

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 10 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэлийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Наранбаатар Монголбанкнаас ипотекийн зээлтэй холбоотой мэдээлэл асуулаа. 

Тэрбээр "2013 онд анх ипотекийн зээлийг олгож байхад 30 мянган зээлдэгч хамарч байсан бол 2023 онд 8.8 мянга, энэ оны эхний хагас жилд 6.6 мянган зээлдэгч болж буурсан байна. 

Энэ бууралтын шалтгаан юу вэ, эх үүсвэр багасаж байна уу, эрэлт буурч байна уу. Бодит амьдрал дээр хөдөө орон нутагт ипотекийн зээлд хамрагдах хүсэлт өгсөн хүн олон бий. 

Бид өнгөрсөн онд мөнгөний бодлого батлахдаа хөдөө орон нутагт шилжиж буй өрхөд гурван хувийн, анх удаа орон сууц худалдаж авч гэр бүлд, гэр хороололд байшин барьж байгаа иргэдэд ипотекийн зээл олгох тухай ярьж байсан. Үүний хэрэгжилт ямар байна вэ? 

2025 онд аль эх үүсвэрээс ипотекийн зээл олгохоор төлөвлөж байгаа вэ. Орон нутагт ахиухан шиг ипотекийн зээл хуваарилах бодлого барьж байгаа. Ирэх оноос орон нутаг руу хэр хэмжээний ипотекийн зээл олгохоор төлөвлөж байна вэ" гэв.

Түүний асуултад Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "2024 он гарснаас хойш өнөөдрийн байдлаар нийтдээ нэг их наяд, 130 тэрбум төгрөгийн зээлийг 9,693 зээлдэгчдэд өгсөн. Энэ нь өнгөрсөн мөн үетэй харьцуулбал хоёр дахин өссөн дүн.

Орон нутагт гурван хувийн хүүтэй ипотекийн зээлийг 2,613 хүнд олгосон байна. Улаанбаатарт олгож буй зээлийн 37 хувь нь гэр хорооллоос орон сууцанд шилжиж буй иргэдийнх юм. Ирэх онд 1.2 их наядын төгрөгийн зээл олгохоор төлөвлөж байна. 

Эх үүсвэрийг нэмэгдүүлэх нэг боломж нь банк юм. Банкны эх үүсвэр нь зургаан хувийн хөнгөлөлттэй хөтөлбөрөөс арай өөрөөр ялгавартай хүү байвал нэмэгдэх боломжтой. 

Хотын төвийн А бүс буюу төвлөрөл ихтэй газрын орон сууцанд олгох ипотекийн зээлийн хүүг 8, 10 хувь болгож ялгавартай тогтоовол эх үүсвэрийн хэмжээ хоёр их наяд төгрөгт хүрч нэмэгдэх тооцоо хийсэн. Энэ нь арилжааны банкуудын өөрийн нөхцөлөөр олгож буй зээлээс харагдаж байгаа. 

Арилжааны банкууд өөрийн нөхцөлөөр дунджаар 12-14 хувийн хүүтэй ипотекийн зээлийг олгодог. Хөнгөлөлттэй хүүнээс арилжааны хүү ойртох тусам эх нэмэгдэж, хүртээмж сайжирна" хэмээн хариулав.