Уншиж байна ...

Шинэ сайд нарын гэрэл зургийг засварласнаа Японы засгийн газар хүлээн зөвшөөрөв

С.Мөнхцэцэг, ikon.mn
7 цаг 21 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Япон улсад шинэ засгийн газар байгуулагдахад ёслолын хувцастай танхимын гишүүд хамтдаа гэрэл зураг авхуулдаг уламжлалтай.

Энэ жишгээр шинэ ерөнхий сайд Шигэрү Ишиба сайд нарынхаа хамт авхуулсан гэрэл зургийг өнгөрсөн долоо хоногт тараасан юм.

Гэтэл хэвлэлүүдийн буулгасан гэрэл зураг, засгийн газраас тараасан албан ёсны гэрэл зураг хоёр өөр байгааг хүмүүс илрүүлжээ.

Тухайлбал ерөнхий сайд болон батлан хамгаалахын сайд хоёрын дотуураа өмссөн цагаан цамц гадуур хувцасны доогуур цухуйж байсан нь албан ёсны зураг дээр өөрчлөгдсөн байв.

Хайнга хувцасласан сайд нарыг Японы олон нийт онлайн орчинд элэглэн шоолж эхэлжээ.

зураг
 

Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч өчигдөр сэтгүүлчидтэй уулзахдаа зургийг засварласнаа хүлээн зөвшөөрсөн байна.

“Ерөнхий сайдын танхимын гишүүдтэйгээ авхуулсан гэрэл зураг дурсгал болон үлддэг тул бага зэрэг засварлах шаардлагатай болсон” гэж хэвлэлийн төлөөлөгч Ёшимаса Хаяаши тайлбарлажээ.

Албан ёсны гэрэл зургийг өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт засгийн газрын шинэ танхимын анхны хуралдааны дараа буулгаж, нийтэд тараасан юм. Засварласан нь илэрсний дараа гэрэл зургийг хүмүүс сошиал орчинд янз бүрээр шүүмжилж, элэглэн шоолж байжээ.

Тухайлбал нэг хүн “Халуун рашаанд явж байгаа ахмадын клубийнхэн шиг гарсан байна. Үнэхээр ичмээр” гэж сошиал хуудсандаа бичсэн байв.

Бас нэг хэрэглэгч сайд нарт өмд нь таараагүйг шүүмжилж байжээ.

67 настай Шигэрү Ишиба өнгөрсөн долоо хоногт Япон улсын шинэ ерөнхий сайдаар томилогдсон юм.

Тэрбээр үүрэгт ажилдаа орсны дараа парламентын ээлжит бус сонгуулийг аравдугаар сарын 27-нд явуулах товыг зарлаад байгаа.

Хугацаанаасаа нэг жил гаруй хугацааны өмнө болох уг сонгуулиар тэр парламентын доод танхимд өөрийн намын суудлыг нэмэгдүүлэх зорилготой байна.

 

Эх сурвалж: BBC