Уншиж байна ...

NASA-гийн хөлөгт мөргүүлсэн астероидыг “эргэх” сансрын хөлөг алсын аялалд гарчээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
7 цаг 49 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Дэлхийтэй мөргөлдөх эрсдэлтэй сансрын биетийн хөдөлгөөний чиглэлийг өөрчлөх туршилтыг 2022 онд NASA анх удаа гүйцэтгэж байв.

Тухайн үед Америкийн үндэсний сансар судлалын байгууллагын хөөргөсөн DART (Double Asteroid Redirection Test) хөлөг 160 метр өргөн хэмжээтэй Диморфос астероидыг зориуд мөргөж, хөдөлгөөний чиглэлийг нь өөрчилсөн юм.

Диморфос нь дэлхийн ойролцоох Дидимос хэмээх астероидыг тойрч эргэдэг дагуул бөгөөд тэднийг хамтад нь хос астероидын систем гэж нэрлэдэг. Тэд хэдийгээр дэлхийг мөргөх эрсдэл учруулаагүй байсан ч туршилтад ашигласан юм.

Туршилтын үеэр DART хөлөг Диморфосын замыг цөөн метрээр хазайлгаж, хөдөлгөөний чиглэлийг нь амжилттай өөрчилж байв.

Тэгвэл өчигдөр буюу Даваа гарагт Диморфос ямар байдалтай байгааг шалгах зорилготой Hera сансрын хөлөг АНУ-ын Флорида мужийн Канавералын хошуунаас хөөрчээ.

Европын Сансар Судлалын Агентлагийн бүтээсэн Hera хөлөг 11 сая километрийн алсад байгаа Диморфос астероидын дэргэд 2026 оны арванхоёрдугаар сард хүрэх юм.

Үүний дараа Hera хөлөг DART хөлгийн мөргөлтөөс Диморфосын гадаргуу дээр ямар хэмжээний тогоо үүссэнийг хэмжихээс гадна уг астероидын бүтэц, масс зэргийг судлах гэнэ.

“Бид эдгээр астероидуудын физик шинж чанарыг мэдэх хэрэгтэй байна. Тэд юунаас бүтсэн болох, цул чулуун бүтэцтэй юу, аль эсвэл дотроо элстэй юу гэдгийг мэдэх хэрэгтэй” гэж Европын судлаачдын ахлагч Наоми Мердок тайлбарлажээ.

Үүний үр дүнд цаашдаа ямар хэмжээ, бүтэцтэй астероидын чиглэлийг ийм аргаар өөрчилж болохыг ойлгох юм байна.

Диморфос, Дидимос хос астероидын хэмжээ 200 метрээс хэтрэхгүй жижиг тул дэлхийгээс ажиглах боломжгүй юм.

Тиймээс дэргэдээс нь судлах зайлшгүй хэрэгтэй болжээ.

Ийм хэмжээтэй сансрын биетүүд үе үе дэлхийн агаар мандалд орж ирдэг.

Тухайлбал 2013 онд байшингийн хэмжээтэй астероид ОХУ-ын Челябинск хотын дээр дэлбэрэхэд үүссэн цохилтын долгион нь 500 гаруй км.кв талбайд орших байшин барилгуудыг гэмтээж, цонхыг нь хагалж байв.

Энэ дэлбэрэлтийн улмаас 1,600 орчим хүн гэмтэж байжээ.

Эрдэмтэд ийм эрсдэлээс сэргийлэхийн тулд дэлхийг чиглэсэн сансрын биетүүдийн замыг өөрчилж чаддаг болохыг зорьж байгаа.

“Энэ нь хүн төрөлхтнийг мөхлөөс аврах зорилготой биш. Харин хохирлыг аль болох бага байлгах зорилготой юм. Үлэг гүрвэлүүдэд сансрын хөтөлбөр байгаагүй бол бидэнд байна” гэж профессор Мердок ярьжээ.

 

Эх сурвалж: BBC