Уншиж байна ...

Израилийн агаарын цохилтын дараа Хезболлагийн дараагийн удирдагч сураггүй болжээ

Т.Давааням, ikon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Израилийн зэвсэгт хүчин Баасан гарагт Ливаны нийслэл Бейрут хотын өмнөд дүүрэгт агаараас довтолсны дараа Хезболлагийн дараагийн удирдагч гэгдэж байсан Хашем Сафеддинтай холбоо тасарснаа тус байгууллагын албаны эх сурвалжууд өчигдөр мэдээлжээ.

“Баасан гарагийн өглөө Бейрутын өмнөд дүүрэгт болсон агаарын цохилтын дараа бид Сафеддинтай холбоо тасарсан. Тэр цохилтын байрлалд байсан эсэх, түүнтэй хамт хэн байсан талаар бидэнд ямар ч мэдээлэл алга” гэж нэг эх сурвалж мэдээлсэн байна.

Хезболлагийн бас нэг эх сурвалж Сафеддинтай холбоо тасарсан, түүний хаана байгаа нь мэдэгдэхгүй байгааг баталжээ.

Израилийн агаарын цохилт болох үеэр Сафеддинтай хамт Хезболлагийн тагнуулын алба Хажж Муртадагийн тэргүүн байсан гэх мэдээлэл байна.

Баасан гарагт Израилийн зэвсэгт хүчин Хезболла байгууллагын удирдлага төвлөрдөг Бейрут хотын өмнөд хэсэгт 11 удаагийн дараалсан агаарын довтолгоо явуулжээ.

Израилийн тал уг ажиллагаагаа Хезболлагийн “тагнуулын албаны төв байрыг чиглэсэн” гэж мэдэгдсэн байна.

Энэ долоо хоногийн Даваа гарагт Ливаны нутаг дэвсгэрт хуурай замын байлдааны ажиллагаа эхлүүлснээсээ хойш Хезболлагийн 400 гаруй гишүүнийг устгаснаа бас мэдээлжээ.

“Хуурай замын байлдааны ажиллагаа эхэлснээс хойш манай зэвсэгт хүчин 440 террористыг устгасны 30 нь янз бүрийн түвшний командлагчид байлаа” гэж Израилийн армийн хэвлэлийн төлөөлөгч Даниэл Хагари хэвлэлийн хурлын үеэр хэлсэн юм.

Өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт Израилийн зэвсэгт хүчин Бейрут хот дахь Хезболлагийн төв байранд агаараас довтлохдоо тус байгууллагыг 30 гаруй жил удирдсан Хассан Насраллагийн амийг хөнөөсөн.

Тэгвэл энэ үйл явдлаас хойш яг нэг долоо хоногийн дараа түүний залгамжлагч гэгдэж байсан Сафеддинийг устгасан байж болзошгүй байна.

Хэдийгээр Хезболла шинэ удирдагчаа албан ёсоор зарлаагүй байгаа ч Сафеддинийг дараагийн удирдагч болох хамгийн өндөр магадлалтай хүн гэлцэж байв.

Есдүгээр сарын 23-наас хойш Израилийн арми хөрш Ливаны нутаг дахь Хезболлагийн байрлалуудад бараг өдөр бүр агаараас довтолж байгаа.

Өнгөрсөн хугацаанд 1,110 гаруй энгийн иргэн уг ажиллагааны улмаас алагдсаныг Ливаны эрүүл мэндийн яам өчигдөр мэдээлжээ.

 

Эх сурвалж: AFP